
Газ хотын хойд хэсгийг хүнд зэвсгээр бөмбөгдсөөр байна. Хамас бүлэглэлийн “al-Aqsa” телевизийн мэдээлж буйгаар Израйлийн байлдааны онгоц 14 давхар орон сууцны барилгыг нураажээ. Израйлийн байлдааны онгоцноос дөрвөн ширхэг хүнд бөмбөг барилга дээр унасан гэж гэрчүүд ярьсан бөгөөд дэлбэрэлтийн уршгаар 25 хүн шархадсаны дийлэнх нь сэтгүүлчид, эмнэлгийн тусламжийн ажилтнууд гэнэ. Нассер гудамжинд орших орон сууцны барилгыг 1995 онд Итали компани барьж, ашиглалтад оруулжээ. Зэвсэг хаяхаас өмнө Израйлийн армийн спикер утсаар сануулга өгсөн учир оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн ажээ. Израйль, Хамас бүлэглэлийн Каир хот дахь шууд бус хэлэлцээр амжилтгүй болсоны дараа үргэлжлүүлэн тулалдах болсон юм. Израйль-Палестины Хамас бүлэглэлийн хоорондох зөрчлийн улмаас 2000 гаруй хүн амь үрэгдэж, 10 мянган хүн шархаджээ.

























































