Японы Ерөнхий сайд Шинзо Абэ засгийн газрын танхимдаа сэлгээ хийж таван эмэгтэйг шинээр сонгосон талаар “АП” агентлаг мэдээллээ. Энэ нь эмэгтэйчүүдэд шийдвэр гаргах, удирдагч байх эрх олгосноор эдийн засгаа сэргээнэ гэсэн Шинзо Абэгийн бодлого хэрэгжиж эхэлж буйг харуулж байна. Засгийн газрын сэлгээнд Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Таро Асо болон Гадаад хэргийн сайд Фумио Кишида нар өртөлгүй хэвээр үлджээ. Харин Батлан хамгаалахын сайд Ицунори Онодерагийн оронд хатагтай Акинори Этог сонгосон гэлээ.
Энэхүү сэлгээг байрандаа хэвээр үлдсэн Засгийн газрын танхмийн дарга Ёшихиде Суга мэдээлсэн байна.
Акинори Этогоос гадна шинээр сонгогдсон эмэгтэй гишүүдийн дунд өмнөх удирдагч Кэйзо Обучигийн охин Юко Обучи байгаа бөгөөд Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайдад томилогджээ. Харин өмнө нь худалдаа, эдийн засгийн сайдаар ажиллаж байсан хатагтай Мидори Мацушима Хууль зүйн сайд болсон байна. Мөн энэ суудалд сууж байсан Санае Такайчи Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд болжээ. Харин Харико Аримура Жендерийн тэгш байдлын сайдаар томилогдлоо.
Кабинетад эмэгтэйчүүдийг сонгоно гэдэг Японд маш ховор үзэгдэл юм. Шинзо Абэгийн өмнөх танхимд ердөө хоёр эмэгтэй гишүүн байжээ. Ерөнхий сайд Шинзо Абэ 2020 он гэхэд төрийн удирдах түвшинд эмэгтэйчүүдийн тоог 30 хувьд хүргэх зорилготой байгаа юм.
Д.Идэр





























































