Дэлхий даяар хориос доош насны 120 сая охин, өөрөөр хэлбэл арван охин тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэж НҮБ-ын хүүхдийн асуудал эрхэлсэн агентлаг тайлагналаа. Юнисеф-ын мэдээлснээр 2012 онд л гэхэд Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад 95 мянган өсвөр насны хүүхэд бусдын гарт амиа алджээ. 190 гаруй орны мэдээллэлд дүн шинжилгээ хийсэн судалгаа нь дэлхий даяар хүүхдийн хүчирхийлэл асар их байгааг харуулж байгаа юм.
Хүчирхийлэл ихэвчлэн хүүхэд аюулгүй байх ёстой гэр бүл, сургуулийн орчинд болсныг онцолжээ. Мөн 2-14 насны 10 хүүхэд тутмын зургаа нь бие мах бодын хүчирхийлэлд тогтмол өртдөг болох нь тогтоогдсон байна. Ийм төрлийн хүчирхийлэл цагдаад бүртгэлгүй өнгөрөх нь элбэг бөгөөд зарим улсад хүүхдийг зодож гэмтээхийг энгийн үзэгдэл мэт хүлээн авдаг болсныг анхаарах хэрэгтэй хэмээн албаныхан анхааруулж байна.
Д.Идэр

























































