Өнгөрсөн бямба гарагт хүлээн зөвшөөрөгдсөн энхий хэлэлцээ бүтэлгүйтэж эхэллээ. Өчигдөр зүүн Украйнд буун дуу, бөмбөгдөлт дахин гарчээ. Донетскын онгоцны буудалд бөмбөг дэлбэрснээр энхийн хэлэлцээ бүр мөсөн бүтэлгүйтэхвий гэсэн айдас авчирч байгаа юм. Түр эвлэрлийн хэлэлцээ бямба гарагт болсон боловч маргааш нь буюу ням гарагт Мариополын онгоцны буудалд дэлбэрэлт болж нэг эмэгтэй амиа алдсан байна. Энэ хэрэг явдлын дараахан нь Донетскын онгоцны буудалд дахин дэлбэрэлт болсон байна. Киев болон салан тусгаарлагчдын түр эвлэрлийн хэлэлцээг Беларуст төлөөлөгчид нь баталсан бөгөөд уг арга хэмжээг зохион байгуулсан Европийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага олон нийтэд уулзалтын үр дүнг танилцуулаад байсан юм. Киев болон салан тусгаарлагчид 12 нөхцөл бүхий хэлэлцээг баталж, бүх баривчлагдсан хүмүүсээ солилцож, хүчээ буцаан татахаар болсон аж.
Гэвч Донетскын босогчид Мариуполын дэлбэрэлтийг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн боловч энэ нь Украйнын өдөөн хатгалгад хариу өгсөн үйлдэл хэмээн мэдэгдээд байна. Харин Засгийн газар өдөөн хатгалга хийгээгүй бөгөөд эвлэрэхийг хүсэхгүй байна хэмээн босогчдыг буруутгажээ.
Зүүн Украйны сөргөлдөөнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 2600 гаруй хүн амиа алдаад байгаа юм.
Д.Идэр

























































