АНУ-ын тэргүүн хадагтай Мишель Обама 2016 оны Сенатын сонгуульд өрсөлдөнө гэсэн цуу яриа олон нийтийн сонирхлыг татаж байна. Мишель Обама өөрөө сонгуульд өрсөлдөх тухай ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ч Илинойс мужийн Бүгд найрамдах намын гишүүн Марк Кирк энэ тухай сэтгүүлчдэд ам нээжээ. Тэрбээр тэргүүн хадагтай сонгуулийн кампанит ажилд мөнгө цуглуулах төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээлсэн. Харин Цагаан ордны ахлах зөвлөх Валери Жаррет "Ийм зүйл болохгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Тэр хэзээ ч улс төрд орохгүй" гэжээ. Ерөнхийлөгч Барак Обама ч өнгөрсөн тавдугаар сард "ABC"-д ярилцлага өгөхдөө ийм зүйл болохгүй гэдгийг дурдаж байсан. Гэхдээ л тэргүүн хадагтайг 2016 оны сонгуульд хүч үзэж магадгүй гэсэн яриа намжихгүй байгаа аж. Мишель Обама бол Хиллари Клинтоноос ч нэр хүндтэй тэргүүн хадагтай. Тиймээс сонгуульд өрсөлдөөд, Сенатын гишүүн болж чадна гэх хүмүүс цөөнгүй байгааг CNN онцоллоо.

























































