
Вашингтонтой хамтрах 10 улсад Саудын Арабаас гадна Бахрайн, Египет, Ирак, Йордан, Кувайт, Ливан, Оман, Катар болон Арабын нэгдсэн Эмират улсууд нэгджээ. Жон Керригийн зохион байгуулсан уулзалтад Туркын төлөөлөгч очсон боловч хамтран ажиллах эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байна. Турк тэмцэлд хамтрахаа яаран зарлахгүй байх үндэслэлтэй хэмээн олон улсын ажиглагчид дүгнэжээ. Учир нь Исламын улс өнгөрсөн зургаадугаар сард Туркын дипломатууд болон хүүхэд багтсан 49 хүнийг Ирак дахь Туркын элчингээс барьцаалан авсан юм. Тиймээс Турк Вашингтонтой нэгдвэл эдгээр хүмүүсийн амь нас хамгийн түрүүнд эрсдэх магадлал өндөр байна. Харин Жон Керри баасан гарагт Туркын эрх баригчидтай хэлэлцээ хийнэ хэмээн Цагаан ордон мэдээлээд байгаа билээ.
Арабын улсууд террорист бүлэглэлтэй тэмцэхэд цэргийн олон ажиллагаанд хамрах юм. АНУ Исламын улстай тэмцэх олон улсын холбоог байгуулахыг зорьж байгаа.
Д.Идэр