Өчигдөр Одайль хар салхи Мексикийн Бажа Калифорниа мужийг дайран өнгөрсний улмаас гудамж талбай үерт автаж, барилга байшингууд эвдэрч сүйджээ. Байгалийн гамшгийг далимдуулан зарим газарт хулгай, дээрмийн хэргүүд ч гарсан байна. Одайль хар салхи 17 цагийн үед хамгийн ширүүсч цагт 160 км-ийн хурдтай салхилжээ. Дотоод хэргийн сайдын мэдээлснээр Лос Кабос хот бүхэлдээ тоггүй болсон бөгөөд усны хоолой ч ажиллахаа больсон байна. Мөн Лос Кабос болон Ла Паз хотууд дахь нисэх онгоцны буудлууд түр хаагдахад хүрчээ.
Мексикийн эрх баригчид хар салхи баруун хойд зүгийг чиглэснээр ирэх өдрүүдэд газрын хөрс нурах, үер болох зэрэг гамшиг тохиолдох эрсдэлтэйг анхааруулж байна. Засгийн газар гамшигт бэлдэж нийт 30 мянган хүний хоргодох байр барьжээ.
Өчигдөр хүүхдүүд багтсан олон арван хүн дэлгүүрүүдийг тонож байсныг орон нутгийн цагдаа нар илрүүлсэн байна. Харин баривчлагдсан хүмүүс гамшгаас сэргийлж хүүхдүүддээ хоол хүнс авч байсан хэмээн мэдүүлжээ.
Байгалийн гамшгийн улмаас Мексик хоёр дахь жилдээ тусгаар тогтнолын баяраа хойшлуулж тэмдэглэхээр боллоо. Өнгөрсөн жил Мануэль болон Ингрид хар шуурга Мексикийн дайрснаар 9 сарын 16-нд тусгаар тогтнолын баяраа тэмдэглээгүй юм. 2013 оны гамшигт 155 хүн амиа алдсан байна.
Д.Идэр

























































