Ардчиллыг дэмжигч Хонконг залуус БНХАУ-ын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, суулт зарлажээ. Арваад их сургуулийн олон мянган оюутан энэ суултад нэгдсэн бөгөөд тэмцлээ бүтэн долоо хоногийн турш үргэлжлүүлэх юм. Тэд бүх нийтийг оролцуулсан, ардчилсан сонгууль явуулахыг уриалан тэмцэж байна. Хятадын Засгийн газар 2017 он гэхэд Хонконгийн удирдагчийг шууд сонгуулиар тодруулдаг болно гэдгээ амласан юм. Гэвч нэр дэвшүүлэх хорооноос сонгогдсон хоёроос гурван төлөөлөгчөөс сонголтоо хийхээр болсон нь амлалтаа биелүүлээгүй хэрэг гэж ардчилагчид үзэж байна. Тиймээс тэмцэгчид Хонконгийн сонгогчдын сайшаагаагүй нэр дэвшигчийг жагсаалтаас хасдаг байхыг Хятадын талаас шаардав.


Энэ хооронд Бээжингийн талыг дэмжигчид жагсаал цуглаан нь Хонконгийн энх тайван, тогтвортой байдалд саад хийнэ гэж үзэж байна. 1997 онд Хятад Хонконгийг Их Британиас буцаан авахдаа чөлөөт, ардчилсан системийг хэвээр үлдэнэ хэмээн амласан ч амлалтаа биелүүлээгүй гэж эсэргүүцэгчид Бээжинг буруутгасаар байна. Харин Бээжин эх газарт улс төрийн шинэчлэл хийхийн эсрэг хатуу зогссон хэвээр байгаа бөгөөд өөрсдийг нь чиглэх шүүмжлэлийг өдөөх хүсэлгүй байна гэж BBC-гийн Хятад дахь сэтгүүлч Кэрри Грэйси онцолжээ.































































