Америкийн сэтгүүлч Майкл Скотт Мур Сомалийн дээрэмчдийн гарт хоёр жил гаруй хоригдож байгаад суллагдсан тухай CNN мэдээлэв. Бие болоод сэтгэл санааны асар их хохирол амссан сэтгүүлчийг орон нутгийн ахмадууд дээрэмчидтэй хэлэлцээр хийж сулласан хэмээн Сомалийн Мудуг мужийн захирагч Ахмед Мусе ярьжээ. Мур “Би маш их айсан. Үхлээс дахин мэндэлж байгаа юм шиг санагдаж байна” гэж хэлсэн ажээ. Тэрээр Сомалийн нийгмийн амьдралын талаар тогтмол нийтэлдэг чөлөөт сэтгүүлч байсан бөгөөд дээрэмчдийн тухай судалж байгаад олзлогдсон гэнэ. Мур Европын хууль бус загасчлал Сомалийн дээрэмчдийг өөгшүүлж байгаа тухай нийтлэл бичсэн байна. 
























































