Дэлхийн буддын шашинтны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Данзанжамц хойд дүрээ тодруулахгүй гэж мэдэгджээ. Тэрээр энэ шалтгаанаа “Нэг хүнээс хамааралтай шашны хуучин үзэл төгсгөл болж байна, би сүүлчийн Далай лам байх болно” хэмээн Германы Welt am Sonntag сонинд тайлбарласан байсан. Гэсэн ч залгуулаад “Бид таван зууны турш Далай ламыг тодруулж ирсэн. Тэдэн дундаас XIV Далай ламын нэр хамгийн их алдаршсан. Тиймээс Далай лам надаар дуусаг. Хэрэв Далай ламын дараагийн дүр нэр хүндгүй нэгэн байвал Далай ламын нэрийг гутаана шүү” гэжээ. Буддын шашны уламжлал ёсоор Далай лам гэдэг бол бүх буддистуудын сүслэн биширдэг, нигүүлсэхүйн дээд дүр. Тиймээс “нэр хүндгүй, шашныхаа нэр хүндийг гутаах” хойд дүр гарч ирнэ гэдэг бол буддист хүний ухаанд багтахгүй зүйл.Эдүгээ 80 насыг зооглох гэж байгаа Дээрхийн гэгээн сүүлийн 50 гаруй жил эх нутгаасаа дүрвэн амьдарч байгаа билээ. Төрсөн газар нутаг нь одоо харъяалагддаг БНХАУ-ын эрх баригчид Далай ламыг буддын шашны тэргүүн гэхээсээ илүүтэй улс төрийн зүтгэлтэн гэж үзэн Түвдийг тусгаар улс болоход уриалан дуудаж, улмаар газар нутгийнх нь бүрэн бүтэн байдлыг алдагдуулах аюултай хүн гэж үзсээр ирсэн.

























































