Сири, Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд Европын холбооны 3000 цэрэг шинээр нэмэгджээ. Өнөөдөр явуулсан санал хураалтаар Их Британийн парламент Иракт агаараар довтлохыг дэмжсэн байна. Мөн Францын иргэнийг Алжираас хулгайлан авч, цаазалсаны дараа тус улсын эрх баригчид тэмцэлд нэгдлээ. АНУ-ын Тагнуулын албаны тооцоолсоноор хэт даврагчид 31 мянган дайчинтай, өдөртөө 3 сая долларын орлоготой ажээ. Тэд өнгөрсөн зургадугаар сард Халифын вант улсыг тунхагласны дараа улам хүчирхэг болсон юм. АНУ, Барууны хамтын ажиллагааны хариуд Исламын цэргүүд цохилт өгч, өш санасандаа энгийн иргэдийг дарамталж зовоох нь ихэсч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Тэгэхээр иргэдийг хамгаалах асуудал хурцаар тавигдах болжээ.

























































