Хойд Солонгос пуужин, цөмийн зэвсэг турших төлөвлөгөөгүй гэж тус улсын НҮБ дахь элчин сайд Со Си Пён “Ройтерс” агентлагт ярьсан байна. Түүний ярьснаар Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн зургаан талт хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийх юм байна. Өөрөөр хэлбэл 2009 онд Орос, Хятад, Япон, АНУ, Хойд болон Өмнөд Солонгосын хийсэн хэлэлцээрийг дахин эхлүүлэх юм. Хойд Солонгосчууд 2005 онд цөмийн хөтөлбөрөө таслан зогсоохоо амласан ч 2006, 2009 онд шийдвэрээ огцом өөрчилж, шинэ техник хэрэгсэл туршсан ажээ. Ноён Со “Цөмийн зэвсгээр бид АНУ-ыг тогтоон барина. Хэрэв бусад улсад бууж өгсөн бол тэд бидэн рүү аль хэдийнэ халдах байлаа. Бид цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байгаа ч АНУ дургүйцэж, Япон, Өмнөд Солонгос бэлэн биш байна” хэмээн ярьжээ. 





















































