Америкийн хамгийн том банк болох “JPMorgan”-ы хэрэглэгчдийн нэр, утас дугаар, хаягийг хакерууд хулгайлсан хэрэг тус улсын айл өрхийн бараг тэн хагасынх нь аж амьдралд нөлөөлж байна. Хакеруудын дайралтад 76 сая хэрэглэгч, 7 сая бизнес эрхлэгч өртжээ. Тус банк хувь нийлүүлэгчдийн мөнгийг найдвартай хадгалж байгаа гэж мэдэгдсэн ч нийгмийн мэдээллийн сайтын нууц дугаар, хэрэглэгчийн бүртгэлээ алдсан иргэдийн итгэл алдарсан байна. Дансны мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн тохиолдолд харилцагчдын өмнөөс хариуцлага хүлээнэ гэдгээ банкны удирдлагууд амлав. “Нью-Йорк Таймс” сонины эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдээлж буйгаар хакерууд хэрэглэгчдийн мөнгийг хулгайлсан тохиолдол бүртгэгдээгүй ажээ. Энэ хэргийн учир зангилаа тайлагдаагүй байхад хууль сахиулах байгууллагын ажилтнууд Орос, Европын орнуудын хакеруудыг дээрх хэрэгт буруутгаж байна. Банк бүх нууц үгийг өөрчилж, компьютеруудаа унтраасан ажээ. 





















































