МАН-ын бага хурлын 2-р хуралдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлж АН-тай хамтарч Засгийн газар байгуулах уу? үгүй юу? гэдгээ шийдэх гэж байна. Өчигдөр гишүүдээ бүтэн өдөржин хүлээлгэсний эцэст МАН, АН-ын зөвшилцөлийн ажлын хэсгийнхэн тохироогоо хийж чаджээ. Тэднийг яам, агентлагуудаа хувааж авах тохироогоо хийсэн гэж хардаж байгаа бол харин өөрсдөө Улс орны нийгэм, эдийн засгийн бодлого, чухал хуулиудтай холбоотой өөрчлөлт зэрэг бодлогын асуудлаар зөвшилцөлд хүрсэн гэж мэдэгдэж байгаа юм. Харин үүнийгээ намынхаа бага хуралд илтгэж, зөвшөөрлөө авах л үлдлээ.

Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Засагт хамтрах эсэх асуудлаар МАН-д гурван янзын байр суурь зонхилж байгаа гэнэ. Юуны түрүүнд МАН засагт хамтрах ёстой гэсэн байр суурь нийт гишүүдийнх нь дунд зонхилж байна. МАН-ын хичээн эрмэлзэх зүйл, 27-р Их хурлаас гаргасан уриалгад ч МАН нь үндэсний зөвшилцөлийг эрхэмлэсэн нам байна гэж заасан байдаг.
Улс орны өмнө тулгамдаад байгаа томоохон асуудлыг зөвшилцөж хамтран ажиллахгүйгээр давж чадахгүй, МАН сөрөг хүчний байр сууринаас улс төр хийж өрсөлдөгчөө унагалаа гэхэд 2016 онд элгээрээ хэвтсэн эдийн засаг хүлээж авбал яах вэ? тийм учраас хамтрах ёстой гэдэгтэй санал нийлж байгаа гишүүд олонхи болж байгаа бололтой. Харин МАН Засгийн газрыг хамтран байгуулах шаардлаггүй 2016 он хүртэл тэвчих хэрэгтэй, мөнгөгүй засагт орж яах юм гэх мэтийн гомдлыг хэлж байгаа хүмүүс мөн цөөнгүй бий аж.
Тэднийг 1996-2000 онд Н.Энхбаярын авч хэрэгжүүлсэн тактикыг дэмжигчид буюу муу л бол сайн гэсэн зарчмаар улстөр хийхийг санал болгогсод гэж ойлгож болно. Гэвч нэг голын усанд хоёр орохгүйн адилаар муу л бол сайн гэсэн зарчмаар эрх баригчдын алдаан дээр алга ташиж, улс орныхоо эдийн засгийг хорлож байж засаг авна гэдэг арга явахгүй л болов уу? Энэ бүлэгт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүд тэргүүтэй хөдөө орон нутгийн зарим төлөөллүүд багтаж байна.
Гуравдахь ангиллын гишүүд бол АН-аас тавьсан хамтрах саналыг шүүмжлэгчид юм. Өнгөрсөн парламентын үед МАН-аас АН-д хамтран ажиллах маш тодорхой санал тавьж байсан. Энэ удаа АН-аас санал тавьж байгаад татгалзаад байх шаардлага байхгүй. Гэхдээ парламентад суудалтай бүх намтай тохирно гэж байгаа АН-ын санал бол маш ойлгомжгүй, бүрхэг санал. Аль нэг нам нь сөрөг хүчин болж үлдэх ёстой. МАН Засагт орвол МАХН сөрөг хүчин болох, эсвэл МАХН засагт орвол МАН сөрөг хүчин болох ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчнээр ажиллаж ирсэн МАН парламентийн цөөнхийн үнэт зарчмыг хүндэтгэж тэр орон зайг үлдээхийн төлөө байх ёстой. Нөгөө талдаа МАН шиг том нам эвслийн жижиг намуудтай нэг засагт орох нь зохимжгүй.
Гол хариуцлагаа хүлээх хоёр том нам нь асуудлаа яриад, хариуцлагаа үүрээд явья, тийм болохоор АН-ыг аль намтай хамтрах гээд байгаа тухай саналаа маш тодорхой тавих ёстой гэсэн дундын байр суурь ч мөн зонхилж байна. Ийм байр суурийг Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр зэрэг гишүүд түлхүү ярьж байна.
МАН-ын хурал хойшилсон ч гишүүдийнх нь хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Хөдөө орон нутгаас ирсэн төлөөллүүд тусгаар тогтнолын ордон тойрсон ресторан пабуудаар ганц хоёр лонх шар айраг хөнтөрсөн шигээ өчигдөр оройг өнгөрөөсөн байна. Харин намаа дарааллан ялагдаж, гутамшиг доромжлолыг амсаж байхад сураггүй орхин гадаадад гарч наранд биеэ шарж хэвтсэн эрхмүүд хэдэн эгнээгээрээ Генсекийнхээ үүдэнд очер үүсгээд байна
Хүлээлт үүсгэсэн хурлын эргэн тойронд иймэрхүү үйл явдал өрнөх аж. Өнөөдрийн хурлын шийдвэрээс Монгол Улсын ойрын ирээдүйн улстөрийн зураг зурагдана.






















































Сэтгэгдэл (6)