-
2016 оны 11 сарын 22
ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу 2017 оны хавар хүртэл зогсоожээ. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол гардаг ажээ.
Мөн нутагтаа хоргодсон адууг кранаар түлхэж гаргах зэргээр сэтгэл эмзэглэм тохиолдод гардаг байна. Тиймээс ХХААХҮ-ийн сайд МХЕГ-тай зөвшилцөж дээрх шийдвэрийг гаргажээ.
-
2016 оны 11 сарын 22
Цахимаар газар өмчлөхийг ирэх оноос зогсоохоор болжээ. Тэрээр иргэд өөрсдийн өмчлөх гэж буй газрын байршил, хүсэлтийг өөрийн биеэр очиж өгөхөөр болжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч наймдугаар сард цахим газар өмчлөлийн системийг бүртгэлийн журамд шилжүүлэх захирамж гаргасан билээ. Уг захирамжийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд цахимаар газар өмчлөхгүй юм байна.
-
2016 оны 11 сарын 22
Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна.
Монгол Улс нь БНСУ-ын ”Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
-
2016 оны 11 сарын 22
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11. 22/ хуралдаан 14 цаг 35 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гадаадад албан томилолттой байгаа тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааныг даргаллав.
Байнгын хорооны хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэн, улмаар 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэж орсон. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар хуралдаанаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах талаар чиглэл өгсөн гэдгийг дурдав.
Энэхүү хуулийн төсөлд хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг тус тус нэмж тусгалаа. Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг хүчингүй болгохоор тусгасан. Уг хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэлэлцээр, Гаалийн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд улсын төсөвт ямар нэг хүндрэл үзүүлэхгүй гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцолж байв.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан юм. Гишүүдийн хувьд олон жилийн өмнө Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болчихоод өнөөдөр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай байгаагийн учрыг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй тарифын жагсаалтад хэчнээн орон багтаж, ямар хөнгөлөлт эдэлдэг талаар сонирхож байлаа.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулсан болохоор Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын баримталдаг хөнгөлөлтийн тарифыг мөрдөх ёстой. Монгол Улс өмнө нь нэг ч улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаагүй болохоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан юм. Өнөөдөр Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан учраас хөнгөлөлтийн тарифыг мөрдлөг болгохгүй бол тус улсаас оруулж ирж байгаа худалдаанд 10 хувийн татвар ногдох асуудал үүсээд байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьж худалдааны татварыг тэглэх буюу эсвэл таван хувь болгох шаардлагатай байна гэж хариулав.
Уг хуулийн төслийн талаар үг хэлэх, саналтай гишүүн байгаагүй учир Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 22
Б.Пүрэвдорж: Монгол Улсад Монголын иргэд тайван, амгалан, жаргалтай амьдрах ёстой
-
2016 оны 11 сарын 22
Энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Морокко улсын Марракеш хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 22 дугаар хурал болж, дэлхийн 197 улс орны төлөөлөгчид оролцов.
Уг хурлын үеэр зохиогдсон “Зүүн хойд Азийн хотуудын уур амьсгалын өөрчлөлтийн шийдлүүд – технологи, санхүү, эрх зүйн орчны асуудлууд”, “Нүүрс хүчлийн хийн бага ялгаруулалттай технологийн шийдлүүд” хуралд Улаанбаатар хот оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чиглэлээр хийсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Парисын хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойших анхны уулзалт болж байгаа тул улс орнуудын хувьд санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий, хөгжиж буй улс орнуудад үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны хэлбэрүүдийг онцлон хэлэлцлээ.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнуудын анхааралд оруулж чадсанаар олон улсын өмнө хүлээсэн үүргийнх нь дагуу эдгээр улс орнуудаас ногоон технологи, санхүүжилтийн дэмжлэг авах боломж бүрдэж байгаа юм. Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй багатай боловч уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл газрын доройтол, цөлжилт, усны болон ойн сангийн хомстол, байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж зэргээр хүчтэй илэрч байгаа болно.
2015 оны 11 дүгээр сард Парис хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 21 дүгээр Бага хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаарх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.
Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэх, дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлах явдал юм. Мөн 2020 он гэхэд жил бүр хөгжиж буй улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд зориулж 100 тэрбум ам.долларыг өндөр хөгжилтэй, хүлэмжийн хий их ялгаруулдаг орнууд хуримтлуулж зарцуулахаар санал нэгдсэн. Уг хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсон.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах асуудалд хотуудын үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж байгаа. Учир нь дэлхийн хүн амын 54 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд 66 хувьд хүрэхээр байна. Тасралтгүй нэмэгдэж байгаа хотжилтын эрчим Ази, Африкт хамгийн өндөр байж энэ зууны хагас гэхэд энэ хоёр тивийн хотуудын хүн ам 2,1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэгчид нь хот суурин газрууд болохын зэрэгцээ түүний хор хөнөөлийг хамгийн ихээр хүлээн авч буй газрууд нь хот суурин газар, тэдгээрийн хүн ам болоод буй юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 22
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Жаргалант, Тариат, Цахир, Эрдэнэбулган сум, Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай сум, Булган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл, Тэс сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Өндөрхангай, Малчин, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сум, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сум, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Дархан, Өлзийт, Норовлин сум, нийслэлийн Налайх дүүргийн нутгаар цасны зузаан 21-42 см, нягт 0.06-0.35 г/см3-т хүрч 13 аймгийн 54 сум “Цагаан зуд”-ын,
Архангай аймгийн Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Хутаг-Өндөр сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Цагаан-Овоо сум, Завхан аймгийн Асгат, Сонгино, Түдэвтэй сум, Орхон аймгийн Жаргалант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Гучин-Ус, Хархорин сум, Увс аймгийн Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Галшар, Гурванбаян, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумын нутгаар цасны зузаан 11-20 см, нягт 0.10-0.24 г/см3-т хүрч 12 аймгийн 38 сум “Цагаанаар зудархуу” байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
-
2016 оны 11 сарын 22
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.
Энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гараг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөр шилжүүлэх буюу баасан гарагт амрах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэхээр болжээ.
-
2016 оны 11 сарын 22
“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн болно
-
2016 оны 11 сарын 22
Оюутнууд хотын даргын уриалгад нэгдлээ
-
2016 оны 11 сарын 22
АТГ энэ сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 391 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.
Өнгөрсөн долоо хоногт 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 261 нь зөрчилгүй байсан бол 8-ыг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 339 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн ахлах байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Баярмаа, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Маркетингийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ч.Пүрэвсүрэн нарын зэрэг 261 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 8 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 37 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.
-
2016 оны 11 сарын 22
УИХ дахь ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийг 500 тэрбумын өрөнд оруулсан эздийг тогтоож чадах уу?
-
2016 оны 11 сарын 22
Улсын филармонийн симфони найрал хөгжим жил болгон дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс дээжлэн хүргэдэг билээ. Монгол улсын филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч France Joseph Haidn ын уран бүтээлээс дээжлэн хүргэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн тоглолтоороо J.Haidn-ын Симфони №94 /Surprise/ бүтээлийг Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш/СТА/ удирдан эгшиглүүлэх болно. Тоглолт улсын филармонийн тайзнаа 2016 оны 11-р сарын 25 ны өдөр 19:00 цагаас эхэлнэ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон WWW.TICKET.MN сайтаах худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800, 1900-1617 хүргэлт хйигдэж байна , дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 88037375-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой
.
-
2016 оны 11 сарын 22
Т.Шимизү: ЗГ зөв бодлого барьж ажиллабал Монголын эдийн засаг 3 жилийн дараа сэргэнэ
-
2016 оны 11 сарын 22
График анимейшныг бүжигтэй хослуулсан түүний үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая орчим хүн үзсэн.
Б.Шижирбат үзүүлбэртээ ашигласан ”Faded” дууны ремиксийг хийсэн 19 настай англи гаралтай Норвегийн алдарт DJ, продюсер Alan Walker ”WOW, amazing show!” хэмээн уулга алдан өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ.
-
2016 оны 11 сарын 22
Өнөө өглөө 05.59 цагт Япон улсын Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужуудад бага хэмжээний цунами болов.
Газар хөдлөлтөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаагаас гадна газар хөдлөлт, цунамигийн талаарх иргэдийн ойлголт, хувийн бэлтгэл өндөр байсантай холбоотойгоор хохирлын хэмжээ бага байгаа ажээ. Одоогийн байдлаар Фукушима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилж байна.
Япон Улсад Монгол Улсын нийт 6590 иргэн ажиллаж, амьдарч байгаагаас зүүн хойд эргийн мужууд болох Фүкүшима /48/, Аомори /8/, Иватэ /24/, Ибараки /162/, Мияаги /89/, Чиба/832/ мужуудад нийт 1163 иргэн оршин суудаг байна.
Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ эдгээр бүс нутагт оршин сууж буй иргэдийн талаар мэдээлэл авч, холбоо барихаар ажиллаж байна.
-
2016 оны 11 сарын 22
Олон улсын менежментээр Эрдэнэтийг эрүүлжүүлье
Ш.Ганхуяг
Эрдэнэт үйлдвэрээ зуун хувь Монголынх болголоо. Одоо үр ашигтай, хамгийн сайн хувилбараар нь ажиллуулах зөв удирлагаар хангах нь чухал байна. Харамсалтай нь улстөрчид Эрдэнэтийг хэтэвч болгон халааслах ганцхан зорилгын үүднээс талцан хуваагдаж, улайран дайтаж байна. Тэдний томилуулахаар зүтгэж буй хүмүүсийн хэн нь ч захирал болсон бай, Эрдэнэтийн баялгийг халаас руу нь урсгах кноп болох нь тодорхой. Ийм нөхцөлд эрүүл шинэ менежемент, олон улсын туршлагаар удирдуулан чиглүүлэхийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, инженер техникчид, цаашлаад монголын нийт иргэд хүсэн хүлээж байна.
Монгол Улсын төсвийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийг хэрхэн удирдахаас олон зүйл хамаарах торгон агшинд ирээд байна. Хэдийгээр нөөц нь дуусч байгаа, өр төлбөр ихтэй, техникийн хоцрогдолтой гэх боловч уул уурхай хөгжсөн улсуудад ашиглаж буй менежментээр удирдуулвал өнөөгийн байдлыг залруулж, илүү өргөн боломжийг нээх юм.
Эрдэнэт үйлдвэр дөчөөд жилийн турш олборлосон баяжмалаа түүхийгээр нь борлуулсаар ирсэн. Уг хүдэрт зэсээс гадна алт, мөнгө, газрын ховор элементүүд зэрэг үнэт металл холилдон “оддог”. Хэрэв тэдгээрийг нэг бүрчлэн ялгаж, эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргавал, Япон улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө босгох боломжтой гэсэн гадны эрдэмтдийн судалгаа бий. Эрдэнэтийг хөгжүүлье гэвэл асар их нөөц бий. Үүнийг улстөрийн томилгоогоор биш, мэргэжлийн багаар удирдуулж байж л хэрэгжүүлнэ.
Хэрэв олон улсын менежментын баг орвол өөрийн гэсэн урт хугацааны хөтөлбөртэй, тогтвортой хөгжлийг санал болгож, ТУЗ-д батлагдсан менежментээр үйл ажиллагааг удирдах юм.
Өнөөдөр “Эрдэнэтийн овоолго” гэх үйлдвэрт шаардлага хангахгүй бүтэц бүхий шороо асар их бий. Түүгээр хаяанд нь байх Америк Монголын хамтарсан “Эрдмин” компани баяжмалаас хэдэн арван хувь илүү үнэтэй катодын зэс үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргаж байна. Улстөрчдийн томилсон нэг ч дарга энэ овоолгоо ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай яриагүй, ярих ч үгүй. Харин хөгжил хайж, ашиг нэмэгдүүлэх зорилго бүхий удирлагатай бол тэр их овоолгоо мөнгө болгож чадна.
Гучин жилийн дараа Эрдэнэтийн нөөц дуусна гэдэг. Энэ бол долоон удаагийн сонгуулиар эрх барьсан улстөрчид хүнээ шургуулж сороод дуусгах л хугацаа. Эрдэнэт үйлдвэр хаагдахад ажилгүй болох иргэдийн цаана байх зуун мянган хүний амьдрал, төсөвт оруулдаг мөнгө шууд нуран унана. Харин хариуцлагатай баг ажиллавал эцсийн бүтээгдэхүүн гаргахаас эхлээд, дахин шинээр нөөцийг тогтоох, металлыг ялган боловсруулах, дагалдах үйлдвэрлэл, үйл ажиллагааг хөгжүүлэх зэргээр улсад болон иргэдэд хохиролгүйгээр шийдвэрлэх боломж харна. Энэ мэтчилэн олон улсын мэргэжлийн менежментийг оруулах нь хамгийн зөв шийдэл болоод байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь эзэмшигч тал чухам үүнийг л хүсч байна. Оюутолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Камерон Макрей, Эндрью Вүүдлэй болон ТУЗ-ын гишүүн Да.Ганболд нарыг гүйцэтгэх захиралд санал болгосноор энэ байр суурь нь тодорхой харагдаж байна. Мөн Япон Канад зэрэг уул уурхайн салбарт хөгжил түүчээлэгч орнуудын менежментийн багийг урьж ажиллуулахыг үгүйсгэхгүй.
Аль ч тохиолдолд улстөрчдийн гар хөл шургалснаас хавьгүй илүү шийдвэр болохыг олон нийт ч дэмжин харж байгаа.
-
2016 оны 11 сарын 22
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу өчигдөр НИТХ-д өргөн барьсан юм.
Ирэх оны төсөвт иргэдийн саналыг тусгах зорилгоор “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь эдийн засаг хүнд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхэд бэрхшээл байгаа ч гэлээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалд Нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч, төсөвтөө суулгах шаардлага байгааг хэлж байсан юм.
Иргэдийнхээ санал хүсэлтэнд тулгуурлан хотын дарга ирэх онд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийх төсвийн төслийг оруулж ирсэн байна. Төрийн захиргааны төсвийн зардлыг танаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг өргөтгөх, мөн цэцэрлэг, сургуульгүй хороодод шинэ барилга барих ажлыг эхлүүлэх ажлыг төсөвт тусгажээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа 3 дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд мэс заслын тасаг байгуулж, иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэг зорилгүйгээр яаралтай тусламжийг дүүргийн эмнэлгээсээ авах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг ирэх оноос хэрэгжүүлэхээр төсөвтөө тусгасан байна. Авто зам, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн, Хайлаастын замын ажлыг эхлүүлэх, зарим байршилд гүүрэн гарцын шав тавих, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийг үе шаттай хийж, иргэдийн аюулгүй, амар тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 22
Ажлын хэсэг Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл болон шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагын 43 удирдах албан тушаалтантай уулзаж, тус аймаг дахь авлигын зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүргэн санал бодлоо солилцлоо
-
2016 оны 11 сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төрийн тэргүүнийг сургалт, арга зүйн төвд хүрэлцэн ирэхэд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн жагсч, хурандаа Н.Уламбаяр илтгэл өгч, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал угтан авав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кинотеатр зэрэгтэй танилцсан юм.
Нийслэлийн Засаг даргын 2014-2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа юм байна. Тус төвд болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талын мэдлэг, дадлыг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад олгож, сургалт, дадлагад хамруулдаг болж байгаа аж.
Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн объектыг орхиж аюулгүй орчинд хүрэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж яаж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн нэн түрүүнд мэдэх шаардлагатай мэдлэг, дадлыг тус сургалтын төвд олгох юм байна.
Дадлага явуулдаг өрөө, танхимууд нь газар хөдлөлтийн доргилт, чичирхийллийг мэдрүүлэх, утаат орчинд ажиллах, саад бартаа давж туулах, хананд авирах зэрэг тусгай тоноглолтой бөгөөд үзвэрийн 3D бичил кинотеатрт гамшиг ослын талаар баримтат кино зэргийг үзүүлж, аюулын үед хэрхэн ажиллаж байгааг бодит байдлаар харуулдаг ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус төвтэй танилцах үед ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид дадлага хийж байсан юм.
Газар хөдлөлтийн танхимд 8 баллын чичирхийллийг биеэр мэдрэх боломжтойг харууллаа. Тус танхимыг БНХАУ-ын Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгсэл суурилуулсан байна.
Өндрөөс аврах үйл ажиллагааны танхимд 15-аас дээш насны хүүхэд хаданд авирах, олсоор буух зэрэг дадлага хийх бололцоотой юм. Мөн 5-8 насны хүүхдүүд өөрт таарсан бартаа саадыг даван туулж байгааг биетээр үзүүллээ. Утаат орчны дадлага хийх танхимд гал гарч утаа бүрхсэн нөхцөлд хэрхэн аюулгүй байдлаа хангах, утаат орчноос зайлах, хорт хий, утаанаас хамгаалах баг өмсөх зэргээс гадна галын хорыг зөв сонгон хэрэглэж гал унтраах дадлага хийдэг юм байна.
Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхимд сурагчид биет үзүүлэнгүүд дээр хиймэл амьсгал хийх, судас, булчин тариа хийх, ил, далд шарх боох, цус алдалт зогсоох, хугарсан, мултарсан үе, мөчинд чиг тавьж боох зэрэг энгийн үед ч амьдралд хэрэг болохоор дадал эзэмшиж байна.
Энэ бүхнийг үзэж танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхний амгаланг айлтгая.
Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан. Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм.
Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг. Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа. Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа.
Энэ талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Жил бүрийн 1 дүгээр сард бүх байгууллагуудаас мэдээлэл авдаг.
Энд хэлэх гэсэн хамгийн гол хоёр зүйл байна.
Аливаа төрийн хамгийн гол үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл өгөхөд оршдог. Тийм учраас Улаанбаатараас эхлээд ийм төвүүдийг байгуулъя. Цаашдаа Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд ийм төвүүдийг байгуулъя.
Хамгийн гол нь байгалийн гамшгийг тойрч гарах ямар ч боломжгүй. Үүнийг зогсоох боломжгүй. Жишээ нь, газар хөдлөлийг зогсоосон орон хаана ч байхгүй.
Яавал бага хохиролтой гарах вэ? Бэлтгэлтэй л байвал бага хохиролтой гардаг. Хүмүүс нь мэдэж байвал бага хохиролтой гардаг. Жишээ нь, Япон Улсад газар хөдлөлт болоход бие биеэ аварсан хэмжээ нь гэвэл хажуу хөршөө аварсан нь 80 хувьд хүрч байсан. Нэг үгээр хэлбэл, хүн өөрөө амьд гараад, хажуудах хүмүүсээ аварч чадах юм бол 80 хувийг аварч чаддаг. Хамгаалагч, төр, бусад газрыг хүлээх ямар ч боломжгүй үед ийм байгаа.
Яг өнөөдрийнх шиг ийм хүйтэнд, өвлийн улиралд, Монголд, Улаанбаатарт газар хөдөлбөл яах вэ?
Энэ бол жинхэнэ гамшиг болно. Ийм нөхцөлд бид бэлтгэлтэй байх ёстой гэсэн үүднээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд албан байгууллагуудад бүгдэд нь газар хөдлөлтийн тухай, гамшгийн тухай мэдээллийг тарааж, хүргэж байгаа.
Хэвлэл, мэдээллийнхэн үүн дээр маш идэвхтэй ажилладаг байгаасай. Тухайн хугацаанд, энэ талаар ард иргэдэд мэдээлэл түгээдэг байгаасай гэж бодож байгаа. Бид мэдээлэлтэй, бэлтгэлтэй байх юм бол бага хохирно. Түүний үр дагаврыг арилгахад маш их ажил болдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар хөдлөлтийн аюул ойрхон зүйл.
Зөвхөн бэлтгэл, сургуулилтаар энэ бүхэн дуусаасай гэж бид үргэлж залбирч байгаа. Гэхдээ үүнд манай нийт иргэд бэлтгэлтэй байх ёстой. Энэ бэлтгэлийг хангахын тулд хийж байгаа хөрөнгө оруулалт, ажил бол нийслэлийн Гамшгаас хамгаалах газар дээр байрласан Сургалтын төв юм.
Иргэд, хүүхдүүд, сургууль цэцэрлэгийнхэн энд ирээд нэг удаа сургалт хийгээд гарахад амьдралынхаа турш өөрийгөө аваад явах мэдлэгтэй болох юм шүү гэдгийг хэлье. Баярлалаа” гэлээ.