Зөвлөлтийн киноны нэрт жүжигчин, “Мөнхийн дуудлага” цувралын дүүгээ үзэн яддаг хувьсгалчийн дүрд тоглодог Вадим Семенович Спиридонов дөнгөж 55 насандаа өөд болсон.
Москвагийн уугуул тэрээр 1966 оноос жүжигчин болохоор шийдэж урлагийн олон сургуулиас Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг сонгож Сергей Герасимовын урланд суралцсан.
Оюутан байсан 1969 оноос кинонд тоглож сургуулиа төгсөөд бидний хамгийн сайн мэдэх “Халуун цас” кинонд тоглосон. 1973-1983 онд “Мөнхийн дуудлага” олон ангит киноны Федор Савельевын дүрд тоглосноор жинхэнэ алдаршсан. Нийт 20 гаруй кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна.
1980-аад оны сүүлчээр Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалт Спиридоновыг ёстой шоконд оруулж “Түргэхэн л үхэх минь” гэдэг болж. Кинонд тоглосоор байсан ч энэ нь ердөө л гэр бүлээ тэжээж, амьдралаа залгуулахын тулд байж. Өөрчлөн байгуулалтыг үзэн ядахын хэрээр тэр зурхай, одон орон сонирхож 7-гийн тоог тооцож үзээд үүндээ их билэгшээж эхнэртээ “Энэ амьдралаас явж нэг амрах минь. Өвлөөр нэгдүгээр сарын 7 зүгээр юм уу” гэхэд эхнэр нь “Хамаг хүн баярлаж байхад, чи үхэх гэж ярьж байдаг” гэхээр хэсэг бодож байснаа “Тэгвэл арванхоёрдугаар сарын 7, чамдаа бэлэг өгчихөөд” гэжээ. Түүний эхнэр Валентинагийн төрсөн өдөр арванхоёрдугаар сарын 8 байснаас тэр бололтой.
Үнэхээр бүх зүйл яг түүний хэлснээр болж. Арванхоёрдугаар сарын 7-нд тэрээр шөнийн зураг авхуулахаар гарахынхаа өмнө хоёр цаг унтаад авъя гэсэн ч эргэж сэрсэнгүй. Түүнийг зүрхний дутагдлын улмаас нас барсан гэсэн.
Сэтгэгдэл (1)