УИХ-ын гишүүн Д.Мурат дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьсныг мэдэж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу аль, аль нь тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн. Удахгүй шалгуулчхаад буцаад ороод ирнэ гэж бодож байгаа. Угаасаа энэ хэрэг зохиомол хэрэг байсан. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна” гэсэн тайлбар өглөө.
-ЭНЭ ТӨРЛИЙН ХЭРЭГ АМЬДРАЛД ХЭДЭН ЗУУГААРАА ГАРДАГ-
Харин түүний өмгөөлөгч хуульч Л.Батмөнх хоёр зүйл дээр тайлбар хийсэн юм. Тодруулбал, “Гишүүнтэй холбогдох тус хэрэг олон нийтийн сүлжээгээр бичигдээд байгаа шиг бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт шалгагдаж байгаа хэрэг нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг эрүүгийн зүйл ангиар шалгагдаж байгаа хэрэг. Энэ төрлийн хэрэг амьдралд хэдэн зуун мянгаараа гардаг. Тодорхой хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаад явдаг. Аль 2017 онд үүссэн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа нь удаашралтай байна. Гэхдээ хуулийн байгууллагадаа итгэж байна. Үүний цаана улс төр байна уу гэсэн хар бол байна. Тодорхой хугацаанд хурдан шийдэж өгөх байх гэдэгт найдаж байна” гэлээ.
М.АМАРЖАРГАЛ