Хууль УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр хуралдаж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн, дэмжлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Одоогийн байдлаар Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байгаа юм. Харин Вьетнамд ял эдэлж буй Монгол иргэн байхгүй. Сүүлийн жилүүдэд Монгол иргэд Вьетнам улсыг зорих нь нэмэгдэж байгаа тул ирээдүйд үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ хэлэлцээрийг байгуулж байгаа бөгөөд гарын үсэг зурахад бэлэн болж байгаа” гэв.
Тэрбээр, “Монголын 177 иргэн гадаадад ял эдэлж байна. Үүнээс дийлэнх нь буюу 114 нь БНХАУ-д байна. Манайхаас ялтан шилжүүлэн авах хүсэлтийг байнга явуулдаг ч хуруу дарам цөөн хүнийг л шилжүүлж өгсөн. Бид гадаадад ял эдэлж байгаа иргэдээ эх оронд нь авч ирэх үндсэн зорилт тавьж ажиллаж байгаа” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан С.Эрдэнэ гишүүн Монгол Улсад гадаадын хэдэн иргэн ял эдэлж буйг тодрууллаа. Ажлын хэсгээс гадаадын 19 иргэн Монголд ял эдэлж байгаа гэв.
Мөн үеэр Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд Хууль зүйн байнгын хорооны даргад “60 тэрбумын хэрэг”, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар нэн даруй хэлэлцэх шаардлагатайг сануулсан юм.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь хэлэлцээрийн төслийг дэмжиж, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)