Монгол улсын иргэний нисэхийн салбарын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд агаарын хөлгийг харж удирдах ажиглалтын системийг 2012 оны наймдугаар сараас албан ёсоор нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
ИНЕГ-ын Холбоо навигаци, ажиглалтын албанаас нислэгийн хөдөлгөөний удирдагчийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор хөрш зэргэлдээ орнуудтай агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх ажиллагааг автоматжуулан олон улсын стандартад нийцүүлэх боломжийг судалж, олон ажлыг хийж хэрэгжүүлээд байна.
2015 онд ОХУ-ын Эрхүү нислэгийн хөдөлгөөний төвтэй хийсэн уулзалтаар хэлэлцсэн талуудын хооронд тухай бүр утсаар ярьж гүйцэтгэдэг байсан агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх ажиллагааг хялбаршуулж, автоматжуулалтын OLDI зөвшилцөлд шилжүүлэх ажлыг шат дараатай, амжилттай хийснээр 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх ажиллагаа Эрхүү нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн SULOK, SERNA, AMUTA, LETBI, BAMUK гэсэн 5 агаарын хаалгаар нислэгийн удирдагчийн бүрэн оролцоогүйгээр автоматаар хийгддэг болсон нь нислэгийн удирдагчийн ачааллыг эрс бууруулжээ.
ИНЕГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/633 дугаар тушаалаар энэхүү ажиллагааг үргэлжлүүлж, хоёрдугаар үе шатны ажлын хүрээнд ОХУ-ын Красноярск нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй OLDI зөвшилцөл тогтоох, холболт туршилтын ажлыг эхлүүлээд байна.
Мөн БНХАУ-ын Бээжин нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй 2014 оны 11 дүгээр сард хийсэн уулзалтаар хэлэлцсэн агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх үйл ажиллагаанд зөвшилцлийн AIDC протокол нэвтрүүлэхээр талууд шат дараатай туршилт, шалгалтын ажлыг амжилттай хийснээр үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн болгоод байна.