Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн. Гэвч ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад өнөөдөр хагалгаанд орж 12 цаг 55 минутын үед хагалгаанаас гарчээ. Хагалгаа амжилттай болсон ч биеийн байдалд нь хүндрэл гарсан хэмээн ЦЕГ-аас мэдээлж байна.
Уг хэрэг нь өчигдөр 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон юм. Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан.
Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийг үргэлжлүүлсэн. Цагдаагийн алба хаагчид өчигдөр оройн 22 цаг 30 минутад Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус баривчилсан байна.