Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулжээ.
Энэ жилийн сургалтын хувьд сургагч багш нарыг тусгайлсан хөтөлбөрийн дагуу урьдчилан бэлтгэж, сургалтын хөтөлбөрийг шинэлэг агуулгаар баяжуулан, сургалтын арга зүйг суралцагчийн оролцоонд тулгуурласан хэлбэрт шилжүүлэн, шүүхэд дадлагажих хугацааг нэмэгдүүлснээрээ онцлогтой аж.
Танхимын сургалтын дараа суралцагчид нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд таван долоо хоногийн турш дадлага ажил хийж, практик мэдлэг, ур чадвар эзэмших юм байна. Энэ сургалт нь шүүхийн захиргаанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй эрх зүйчдэд эзэмшвэл зохих суурь, мэдлэг, чадвар, хандлага олгож, шүүхийн захиргааны хүний нөөцийг мэргэшсэн ажилтнаар бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Сургалтад хууль зүйн их, дээд сургууль төгссөн 30 гаруй эрх зүйч хамрагдаж, шүүхийн захиргааны ажилтнаар мэргэшин суралцжээ.
Б.Лхам