“Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо”-ны анхдугаар чуулга уулзалт болж байна.
Тодруулбал, Глоб Интернэшнл Төв, “Бүх нийтийн боловсролын төлөө!”, Иргэний нийгмийн үндэсний эвсэл нар хамтран “Боловсролын салбар дахь ил тод байдал, хариуцлага” төслийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа. Энэ нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Төслийн зорилтот найман аймаг болох Архангай, Баян-Өлгий, Булган, Ховд, Хөвсгөл, Увс, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн 28 сумын 31 сургуульд Сургуулийн эцэг эх, багшийн холбоо /СЭЭБХ/-г байгуулан ажиллаж байна. СЭЭБХ нь орон нутгийн удирдлага, сургуулийн захирал, багш, ажилтнуудтай үр дүнтэй харилцаа холбоо тогтоож, хамтран бүтээлчээр ажилладаг, сайн дурын гишүүнчлэлтэй бие даасан байгууллага аж.
Өнөөдөр СЭЭБХ-ны үйл ажиллагааг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд СЭЭБХ-г бахйгуулан ажиллах зорилгоор Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоог байгуулах анхдугаар чуулганыг зохион байгуулж буй юм. Энэ нь эцэг эх, нутгийн хамт олныг чадавхжуулах замаар боловсролын салбарын бүх түвшинд эцэг эхийн оролцоо баталгаажсан, хүүхэд нэг бүрийн потенциалыг нээн хөгжүүлэх, амжилттай суралцах, өөртөө итгэлтэй хувь хүн, хариуцлагатай иргэн болон төлөвшүүлэх боловсролын тогтолцоо бий болно гэж тэд үзэж байна.
Чуулганаар Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбооны стратеги төлөвлөгөө, дүрэм, завсрын менежтентийн журмыг хэлэлцэн баталж, удирдах зөвлөл, дотоод аудитын хорооны гишүүдээ сонгох сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Б.Лхам