“Торгоны зам 2019” автомашин, мотоциклын холын зайн, дэлхийн цомын аварга шалгаруулах уралдаанд оролцох Монголын баг тамирчдыг өнөөдөр танилцууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохиогдож буй уг уралдаан долдугаар сарын 6-16-ны хооронд ОХУ-Монгол-БНХАУ гэсэн маршрутаар 4000 орчим км замыг туулах аж.
Ингэхдээ Монгол Улсын Улаанбаатар хот, Мандалговь, Даланзадгад зэрэг газруудаар долдугаар сарын 9-12 хооронд дайрна.
Тус тэмцээнийг Франц, Монгол, БНХАУ, ОХУ-ын автомашины холбоонууд болон Олон улсын автомашин, мотоциклын холбоо хамтран зохион байгуулах бөгөөд Монгол улсаа төлөөлж мотоциклын төрөлд зургаан тамирчин, автомашины төрөлд дөрвөн багийн зургаан тамирчин оролцох юм.
Нийтдээ 43 орны 120-130 баг, тамирчид оролцох уг уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүх аж.
Монголын автомашин, мотоциклын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх “Уралдаанд оролцох автомашинуудаас гадна механикийн, тээврийн машинууд дагалдан оролцоно. Тамирчид маань техник, хэрэгслээ хувиараа бэлдэж, уралдаанд оролцох хураамжаа төлөөд, уралдааны үед шаардагдах байр, хоол, шатахуунаа мөн өөрсдөө гарган оролцож байна” хэмээв.
Автомашины төрөлд оролцогсод мандатын 9800 евро, мотоциклын төрөлд оролцогсод 7900 еврогийн хураамж төлөх ёстой. Үүний талыг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан байна.
Монгол улсаа төлөөлж автомашины төрөлд:
-Олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх
-Спортын дэд мастер Э.Оргил
-Олон улсын хэмжээний мастер Ө.Бямбацогт
-Олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр
-Спортын мастер Г.Эрдэнэсүрэн
-Спортын дэд мастер С.Сайнбаяр
Мотоциклын төрөлд:
-Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар
-Олон улсын хэмжээний мастер Б.Баттөр
-Олон улсын хэмжээний мастер Э.Амгалан
-Спортын мастер Б.Өнөрбаяр
-Спортын мастер Б.Бат-Ундрах
-Спортын дэд мастер Д.Энхсаруул нар оролцоно.