“Атланта-1996” олимпод хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахад ялагдан, V байрт шалгарснаараа монголчуудад танил болсон алдарт бөх Натик Багиров Монголд иржээ.
Тэрбээр 1992 онд Беларусьт болсон самбо бөхийн ДАШТ-д түрүүлж, зургаан жилийн дараа амжилтаа давтсан түүхтэй. Жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, самбогийн дэлхийн хоёр, Европын дөрвөн удаагийн аварга тэрбээр өдгөө 54 настай.
Тэрбээр 1995, 1999 онд жүдогийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. Монголын тамирчдад сургалт явуулан, долдугаар сарын 14-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох Дэлхийн цомд зодоглох самбочдын бэлтгэлийг хангалцах юм байна.