2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтаж БСШУС-ын сайд болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сурах бичгийн талаар танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн жилийн хувьд бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс хангадан байсан. Мөн дунд ангийн сурагчдын амьжиргааны түвшнээс доогуур орлоготой хүүхдүүдэд олгож, бусад сурагчдыг худалдаж авахыг шаарддаг байсан. Энэ оны хувьд сурах бичгийн хэвлэлт оройтож эхэллээ. Учир нь Азийн хөгжлийн банкны гэрээ хэлэлцээр удаашралтай байсан юм. 2019-2020 оны хичээлийн жилд бүх сурагчид сурах бичигтэй болно. Өөрөөр хэлбэл, сурагчид гаднаас худалдаж авах шаардлагагүй бөгөөд сургуулиасаа түрээслэх юм.
Түүнчлэн энэ онд Иргэний боловсрол хичээлийг бүрэн шинэчилж байна. Тухайлбал, 1-5 дугаар ангийг “Монгол ёс, хүмүүжил”-ийн хичээл болгоно. Өмнө нь Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийг эрээвэр хураавар юм хийдэг байсан бол энэ номыг хийхэд баг ажилласан. Харин 6-12 ангид “Иргэний ёс зүй”-н хичээл орно. Энэ нь хүүхдийг монгол хүн болгож хүмүүжүүлэх зорилготой.
Мөн хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчилж давхацсан хичээлийн тоог багасгаж багш нарт заахад дөхөм, хүүхдүүдэд ойлгоход хөнгөн байх маягаар шийдсэн” гэв.
Б.Лхам