2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтаж БСШУС-ын сайд болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрөгч хаврын улиралд таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд гурван сургууль бусад сургуульд нэгджээ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан их, дээд сургуулиудын төлбөрийн асуудал яригддаг. Тэгвэл энэ жилийн хувьд сургалтын төлбөрийн өсөлтийг инфляцийн түвшнээс хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ. Сургалтын төлбөрийн нэг кредит үнэлгээ цагийн 51500-120800 төгрөгт хэлбэлзэж байгаа бөгөөд төрийн өмчит их, дээд сургуулиудын жилийн төлбөр 1.650.000-3.624.000 төгрөгийн хооронд байх аж.
Түүнчлэн БСШУСЯ-аас ижил чиглэлийн сургалтын хөтөлбөртэй сургуулиудын сургалтын чанарыг хөндлөнгөөс үнэлж, нэгдсэн хяналт хийжээ. Энэ хүрээнд анагаахын чиглэлийн 13 сургуулийн 3086, сургуулийн өмнөх болон бага ангийн багш бэлтгэж байгаа 26 сургуулийн 9000, бизнес эрх зүйн хөтөлбөртэй 53 сургуулийн 21424 суралцагчаас шалгалт авч, төрийн бус өмчийн 12 сургуулийн захиралд хугацаатай үүрэг хүргүүлжээ.
Б.Лхам