Олон нийтийн сүлжээгээр цацагдсан ЛГБТ иргэдийн зураг дор "Бүгд эрчүүд гэнэ ээ" гэсэн тайлбарыг "Босоо хөх Монгол" бүлгэмийнхэн өгч, тараасан, тэднийг айлган сүрдүүлсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ хэрэгт Цагдаагийн Ерөнхий газар шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр "Босоо хөх Монгол бүлгэм, трансжендер хүмүүстэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа бид мэдээлэл өгөх болно" гэв.
Зарим иргэд ЛГБТ иргэдийн эрхийг зөрчиж, гутаан доромжиллоо хэмээн цахим орчинд мэдэгдсэн юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 14.1-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан тохиолдолд тохирсон ял шийтгэхээр тусгасан байдаг. Үүний дагуу хариуцлага тооцох ёстой гэдгээ илэрхийлсэн байна.