Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дундын 53 бөөний цэгт 24 цагийн байнгын үйл ажиллагааг хангах үүргийг даалгасан.
Энэ хүрээнд Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсээс төвийн зургаан дүүргийн Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар, ашиглалтыг хариуцан ажилладаг “Цацрах хангай” ХХК, “Филипс гэрэлтүүлэг” ХХК-уудтай хамтран өнгөрсөн бямба гарагт газар дээр нь ажиллаж нөхцөл байдал, техникийн шийдлүүдийг үзэж судлажээ.
Өнөөдрийн байдлаар 28 агуулахын гадна, дотор талбайг бүрэн гэрэлтүүлээд байгаа юм байна. Мөн 17 байршлийн агуулах бүрэн баригдаж дуусаагүй бөгөөд хаяг нь олдохгүй хоёр байршил байна. Үлдсэн зургаан байршлыг энэ сарын 11-ний дотор бүрэн гэрэлтүүлж дуусна.