Автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж, Автомашинтай жагсаагчид жагсаал зохион байгуулсан билээ. Тэгвэл уг жагсаалыг зохион байгуулагчид өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон бусад албаны хүмүүстэй уулзаж, шаардлага хүргүүлээ. Ингээд туc уулзалтад оролцсон талуудын байр суурийг хураангуйлан хүргэе.
-ХОТЫН ДАРГА: Сайн байцгаана уу?
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Сайн, сайн байна уу. Аз жаргалтай, амар тайван амьдрах эсэх нь таниас л хамаарах гээд байна. Тантай хурдхан уулзаж, албан бичгээ өгөөд жагсаалаа тараах ёстой. Учир нь жагсаалаа товолсон цагтаа тараах үүргийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Засгийн газраас хоёр шаардлагаа авсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах шаардлага ажил хэрэг боллоо. Мөн шатахууны хилийн үнийг нээлттэй болгох шаардлагын хариу ирсэн. Харин хотын захиргаатай холбоотой асуудал хүлээгдэж байна. Тиймээс танай захиргааны гадаа орилж байна. Уучлаарай.
-ХОТЫН ДАРГА: Шаардлагыг ойлгож байна. Та бүхэнтэй уулзахгүй биш уулзаж байгаа. Дотоодод шийдэх асуудал их байна. Замын хураамжтай холбоотой шийдвэрийг НИТХ-аар хэлэлцэж, НЗДТГ-аас тооцоо судалгаа хийж, иргэдэд дарамт учруулахгүй байхаар тооцсон. Бидний өмнө хэд хэдэн сонголт бий. Нийтийн тээврээ шинэчлэх үү, зам, талбайгаа цэвэрлэж, нөхөж засах уу, үгүй юү. Үер усны шуудайгаа барих уу, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зам талбайг аюулгүй болгох уу, үгүй юү. Бүр цаашилбал, 400 мянга орчим автомашин эзэмшигчийн дэмжлэгтэйгээр 80 хувь нь жагсаалтаас гарах нийтийн тээврээ шинэчлэх үү. Эсвэл шинэчлэхгүй байсаар байгаад ард иргэдээ явгаруулах уу. Улаан шороогоор шуурдаг улирал тун удахгүй эхэлнэ. Шороо, тоостойгоо зууралдаад байх юм уу, яах юм бэ. Автомашин ашигласны хураамжийг 2013 онд баталсан.
Үүнээс хойш 260 мянга байсан автомашины тоо 500 мянга хол давсан.
Автозам 600 гаруй км байсан бол 1000 гарчихсан байна. Цаашлаад гэр хороололд зам тавих хэрэгтэй байна. Дугуйн зам барих олон газар бий. Татвар хураамж нэмэхийг тийм ч таатай хүлээж авч байгааг ойлгож байна. Гэхдээ бид үүнийг эргэж харна. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу чиглэл өгсний дагуу гаргасан шийдвэрээ эргэж харъя. Ингэхдээ хөрөнгө оруулалтын баталсан төлөвлөгөөнөөс хураамжаа хаслаа гэхэд 50 гаруй тэрбум төгрөгийг хаанаас, яаж тэнцвэржүүлж гаргах бэ. Дээр нь замын ажлуудаа хаях уу. Хогны автомашин гэхэд 2008, 2010 оноос хойш ямар ч шинэчлэлт хийгдээгүй. Нийтийн тээвэрт шинэчлэлт хийгдээгүй. Түргэн тусламжид 180 автомашин байхаас 50 хүрэхгүй хувьтай байна. Мөн усны автомашин гээд иргэд оршин суугчдын наад захын хэрэгцээг хангах олон асуудал бий. Энэ бүх асуудлыг автомашин эзэмшигчдээс жилд 100 мянган төгрөг буюу сард найман мянган төгрөгийг төлөх байдлаар сайжруулах боломж бий. Үүнд бүх иргэд дургүйцэхгүй байх.
Бид энэ мөнгийг авлига хээл, хахууль, сонгуульд зарцуулах гээгүй.
Хэрвээ сонгууль, улс төр бодсон бол иргэдийн дургүйцлийг төрүүлэн байж ийм шийдвэр гаргахгүй байсан. Би хотын захирагчийн хувьд сонгуулиас ангид байж, хамгийн гол нь нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа ямар асуудал байна. Үүнийг хэрхэн шийдэх бэ гэдгийг хамгийн түрүүнд бодсон. Иргэдийн бухимдлыг ойлгож байна. Хотын хувьд олон жилийн туршид буруу тогтолцоо, буруу жишгээр явж ирсэн. Үүний горийг бид бүгд амсаж байна. Хот төлөвлөлт алдагдаж ирсэн, хөрс, агаарын бохирдол ямар түвшинд хүрсэн гэдгийг мэднэ. Би та бүхэнтэй санал нэг байна. Гэхдээ нийтийн эрхийг хүндлэх үүднээс бид аливаад хүлээцтэй хандах учиртай. Засаг даргын хувьд нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах тэрдундаа агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад шийдвэр гаргах ёстой. Та бүхэн мэднэ. Гудамж талбай тоостой, шороотой байна, автозам эвдрхэлтэй байна. Хураасан хэдэн төгрөгөөрөө автомашин худалдаж авдаг. Гэтэл эвдрэлтэй зам дээр эвддэг. Сэлбэг хэрэгсэл ямар үнэтэй билээ. Хуулийн дагуу шаардлага тавьж байгаа асуудалд хүндэтгэлтэй хандаж, судалж байна. Сургуулийн автобус зогсооё, замаа шинэчлээд яах юм бэ гэвэл бүгдийг нь зогсоогоод та нарыг шаардлагыг НИТХ-аар оруулахад бэлэн байна. Ингэвэл энэ бүх төсөв хасагдана. Бүх нийтээрээ хураамж нэмэх хэрэггүй гэвэл НИТХ-аар оруулахад бэлэн байна.
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Гол нь 100 мянган төгрөг төлөх, төлөхгүйдээ биш. Нэмэхгүй гэдгээ шууд хэлчих. Би жагсаалаа тараая.
-ХОТЫН ДАРГА: Жагсаал цуглаан гэхээсээ илүүтэй ярилцах нь зүйтэй.
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Та НИТХ-д ямар санал хүргэх юм бэ?
--ХОТЫН ДАРГА: Өөрчилсөн саналаа хүргүүлнэ.
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Яаж өөрчлөх юм бэ?
-ХОТЫН ДАРГА: Хараахан шийд гаргаагүй бэайна
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Тансаглалаа бууруулаад татвараа багасга л даа.
-ХОТЫН ДАРГА: Тансагласан хүн байхгүй. Нийслэлийн ажлыг явуулахын тулд илүү зардалгүйгээр ажиллаж байгаа. Алтан ширээ, сандал дээр суусан хүн алга. Хотын захиргааны хувьд надаас өмнө гарсан шийдвэр. Үр дүнгүй өмчийг хувьчлаад төсөв бүрдүүлэх асуудал бий.
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Олон тансаглал бий. Хэвлэлд 1.3 тэрбум байна. Аз жаргалтай хот гээд аян байна.
-ХОТЫН ДАРГА: Судалж үзээд боломжит хувилбараар нь бууруулна. Санхүүгийн албаныхан байна. Аль ажлыг нь хийх үү гэдгээс эхлээд бүгдийг нь судална. Хүүхдийн парк шинэчлэлд 400 автобус тусгасан.
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Та татвараа бууруулах уу. Тав дахин нэмсэн татвараа хэдэн хувь бууруулах бэ?
-ХОТЫН ДАРГА: Шууд тоо хэлэх боломжгүй. Ямар ч байсан бууруулах талаас нь бид ярилцана. Нэг байгууллагын цалингийн асуудал биш. Нийслэлийн асуудал. Орлогоосоо зарлагаа яаж нөхөх бэ гэдэг зүйл. Хамгийн их санал авсан хэсгийн зам талбайгаа засахад төсвөө зарцуулдаг. Бүтэн жилийн хугацаанд тооцсон асуудлыг сэтгэлийн хөөрлөөр өөрчлөх боломж байхгүй. Нэгэнт санал гаргаж байгаа бол бид боломжит хувилбарыг хайна. Хэрвээ та бүхэн татвар бууруулна гэж байгаа бол бүх нийтийн төлөөлөл болж чадах уу. Өнөөдөр 300 мянган автомашин хөдөлгөөнд орж байна. Хот тохижилтын ажилтны өдөржин цэвэрлэсэн замыг том тэрэг яваад тоос шороо болгодог. Олон талаас нь харах ёстой. Төсөв, орлого, зарлагын тэнцвэрийг барьсан байдлаар шийдвэр гаргана.
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Бүх тооцоо төсөв хийсэн гэлээ. Гэхдээ харагдахгүй байна. Нийслэлийн иргэд ямар орлоготой билээ. Жижиг тэрэгтэй иргэдээс 100 мянган төгрөгийг хураамж нэрээр татах гэж байгаа бол буруу. Ерөнхий сайд хэлсэн. Уг нь гарцууд бий. Метроны асуудал дээр хувьцаа гаргаж болно. Гэтэл хоногийн хоолоо ядаж байгаа иргэдээс ийм татвар авах нь буруу. Бид тэмцэнэ. Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана. Төсөв хэлэлцэхэд бид мэргэжлийн хүний үүднээс оролцоё.
-ХОТЫН ДАРГА: Болох талаас нь судалж, ярилцая.
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Приусээр таксинд явж байгаа иргэн өдөр бүр найман мянган төгрөгийн татвар төлж чадах уу. Дээр нь торгуулж байна. Танай намынхан яаж ч ядарсан татвар нэмэхгүй гэсэн шүү дээ. Банкууд зээлээ татсан өнөөгийн нийгэмд иргэд машин авахын тулд банк бусаас зээл авч байна. Хүүний татвар төлөхийн тулд аргаа барж байна. Таны тогтоосон татварыг төлөхгүйн тулд машин унахгүй, хашаандаа хадгална гэж байхгүй биз дээ.
-ХОТЫН ДАРГА: Замын түгжрэлийг бууруулахаар ийм шийдвэр гаргасан зүйл биш. Яахав буурах байх. Нийтийн тээвэр, хотын гудамж, талбайтай холбоотой асуудал хамгийн чухал. Хэрвээ хотын зам, талбайг тохижуулсангүй гэж дараа нь ярих юм бол асуудал өөр болно. Өнөөдөр хэцүү байна гээд үүнээсээ улам хүндрэлтэй нөхцөл байдлыг бууруулах уу гэдэг зүйлийг бодоорой.
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Нийслэлийн удирлагуудын унаж байгаа машин нь 20-50 сая төгрөгийн үнэтэй. Эдгээрийг бүгдийг нь дуудлага худалдаагаар зараад оронд приүс авч өгье. Тэгвэл зардал буурна. Зам арчилгаанд мөнгийг нь нэмэрлэе. Хотын даргын хувьд нийслэлийн иргэдийн өмнө олон үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хувьд ийм санал оруулсан байх. Харин хотын даргын орлогч Р.Дагва гэж хүний ярьсан зүйл бодит байдлаас хэтийдсэн байна. Нийтийн эрх ашгийн төлөө таны саналыг дэмжихэд бэлэн байна. Харин Р.Дагва мэтийн хүний саналтай нэгдэхгүй. За, яахав дээ 100 мянган төгрөг л юм билээ гэсэн. Ингэж Түгжил царайлж болохгүй ээ.
-ХОТЫН ДАРГА: Бид зовлон нэгтэй. Зовлонгоос гарах зорилго нэгтэй хүмүүс. Өнгөрснөө харахаар дөрвөн жилээр асуудлыг харж, шийдвэр гаргадаг байснаас болж олон асуудал бугшжээ. Та бүгдийг үл ойшоосондоо ийм шийдвэр гаргасан юм биш шүү. Санал бодлоо хуваалцсандаа баяртай байна. Олон нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд НИТХ-аас гарах шийдвэр зөв байх ёстой. Би олон хүүхэдтэй айлын хүүхэд. Ах дүүс дотор маань хоногийн хоолоо яая гэсэн нь ч бий. Энэ утгаараа ард иргэдийн амьдралыг мэдэхгүйдээ ийм шийдвэр гаргасан юм биш шүү.
-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Бид та бүхнийг огцруулах, МАН-ыг тараах жагсаалын хэлбэр рүү шилжинэ. Магадгүй Хонгконгийн тэмцэл шиг зүйл болж мэднэ шүү. Ирэх долоо хоногт бүх нийтийг хамарсан жагсаалыг дахин зохион байгуулна. Тантай ярих зүйл дууслаа. Гүйцээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (21)