Хятадын цагдаагийнханд тамлагдаж байгаад суллагдсан ч удалгүй ор сураггүй алга болсон Өвөр Монголын зохиолч эмэгтэй Г.Хуучинхүүгийн талаарх мэдээ сэлт өнөө хэр ирээгүй хэвээр байна. Тэрбээр Монголд анх бөгөөд одоогоор цорын ганц удаа 2000 онд иржээ. Өөрийн ганц хүү Цээлий болон төрсөн эгчийн хамтаар Улаанбаатар хотод долоо хоног амарсан тэрбээр энэ насны хүслээ бага ч гэсэн биелүүллээ гэж ихэд баярлан хөөрч догдолсноо дурсамж тэмдэглэлдээ тодхон үлдээжээ. Г.Хуучинхүү зохиолч нутагтаа буцаж очоод Монголын талаар зохиол бүтээл туурвиж, монголчуудад зориулсан www.nutuge.com, www.ehoron.com, ба www.mongolger.net гэсэн цахим сайтыг ажиллуулж эхэлсэн байна. Түүний бичсэн “Чулуун зүрхтэй хайлаас” ном олон өвөрмонголчуудын талархал дэмжлэгийг хүлээжээ. Монгол ёс заншил, өв уламжлал, түүх соёлоо монголоор нь, цэвэр ариунаар нь авч үлдэх гэж бүтээл туурвил бичиж, зоригтойгоор дуугарсных нь төлөө түүнийг Хятадын цагдаа нар тэрс үзэлтэн хэмээж баривчлан хэрцгийгээр шүүн байцааж, тамлан зовоосон байна. Түүний ажиллуулдаг Монгол гэсэн нэр орсон сайтуудыг хаасан бөгөөд үг хэлэх, гадуур явах, номоо хэвлүүлэх гээд бүх эрхийг нь хорьжээ. Тэрбээр дахин зохиол бүтээл бичихгүй гэсэн амлалтыг Хятадын цагдаа нарт өгч байж суллагдсаныхаа дараа булдруу болсон дух, хөхөрч хавдсан царайгаа авахуулсан зургаа Өвөрмонголын ардчилсан холбоонд илгээсэн нь дэлхий даяар тарсан билээ. Хятадын цагдаа нар түүнийг байцааж, зодон, эрүүдэн шүүснийхээ дараа сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн байна. Удалгүй Г.Хуучинхүү зохиолч сураггүй алга болсон гэх мэдээлэл дэлхий дахинаа цацагдсан юм. Дэлхийн олон орны хүний эрхийн төлөө тэмцэгчид, зохиолчид Монголынхоо төлөө халуун зүрхтэй энэ эмэгтэйн хойноос санаа тавьж, асууж сураглах төдийгүй Хятадын эрх баригчдад эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэсэн нь цөөнгүй. Тэгвэл элэг нэгт Монголынх нь зохиолчдын байгууллага түүний төлөө одоог хүртэл ганц ч үг дуугараагүй байна. Өдөр тутмын нэгэн сонинд саяхан гарсан өгүүлэлд “Элэг нэгт монгол бүсгүйгээ хятадуудын гарын шүүс болж буйг мэдсэн даруйдаа л манай зохиолчид хүний эрхийг ингэж бүдүүлгээр зөрчиж байгааг эрх баригчдад нь болон дэлхий нийтэд сонордуулах учиртай. Жагсаал цуглаан зарлаж, дуу хоолойгоо нэгтгэн Хятадын Элчин сайдын яамныхныг зэмлэж, уриа лоозон барьж, мэргэжил нэгт нөхрийнхөө төлөө ассан бамбар шиг л дүрэлзмээр байна. Үгийн урлагийн мэргэд арай ч ийм хүйтэн хөндий байж, хүн чанаргүй, эх орон ч бус загнамааргүй л санагдана. Хэдий өөр өөр улс орны харьяанд байдаг ч элэг нэгт монголчууд маань л бие биенээ гэхгүй бол энэхэн дэлхий ертөнц дээр өөр хэн биднийг нааш гэхэв дээ” гэж бичсэн байна.
Монголын зохиолчдын хороо энэ талаар ямар бодолтой байгааг тодруулахаар тус байгууллагаар орлоо. Хорооны дарга, яруу найрагч Г.Мөнхцэцэг одоогоор эзгүй байна. “Монголд байхгүй, гадаадад ажлаар явсан” гэж нарийн бичгийн дарга нь хэлээд “Энэ мэдээ чинь бүр дээр сонсогдоод байсан байх аа, бид сайн мэдэхгүй, саяхан сониноос олж уншсан” гэж байна. Тэрбээр мөн “Манай байгууллагаас захидал энэ тэр бичиж дуугарахаар хятадууд өөрийн иргэнийг өөрийн улсын хуулиар барьж, яллаж байгаа юм чинь та нарт хамаагүй л гэх байлгүй” гэсэн юм. Яруу найрагч А.Эрдэнэ-Очироос зохиолч монгол бүсгүй хятадуудад баривчлагдан тамлагдаж, сураггүй алга болсон талаар асуухад энэ талаар юу ч мэдэхгүй байсан юм. Яруу найрагч Б.Галсансүх рүү утас цохивол “Би хөдөө явж байна. Тэр зохиолч эмэгтэйг өмгөөлж дуугарах л бодолтой байна. Зохиолчдын эвлэл юу хийж байгаа юм бол доо, очоод уулзъя” гэлээ. Улмаар яруу найрагч С.Оюунтай холбоо барьж энэ талаар асуув. Тэрбээр хэлэхдээ “Г.Хуучинхүүгийн талаар ярих зүйл их байна. Өнөөдрийн даяарчлагдсан нийгэмд уран бүтээлч хүнийг зохиол бүтээлээ туурвисных нь төлөө хорьж цагдаж болохгүй. Адилхан уран бүтээлч эмэгтэй хүнийхээ хувьд өрөвдөлтэй санагдаж байна. Би зохиолчдын эвлэлийг төлөөлдөг хүн биш. Гэхдээ дуу хоолойгоо хүргэх ёстой газар нь хүргэмээр байна. Манай эмэгтэй зохиолчид дэмжих байх” гэсэн юм.
Түүний Монголд аялсан тэмдэглэлийг унших бол http://erhchuluu.blogspot.com/2010/04/blog-post_1959.html хаягаар хандана уу.