Маргааш буюу зургадугаар сарын 3-ны өдөр болох “Улаанбаатар марафон - 2023” олон улсын гүйлт болох билээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод үйлчилж байгаа нийтийн тээврийн маршрутын өөрчлөлтийн талаар Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээллээ.
Тэрбээр, “Улаанбаатар хотод үйлчилж байгаа нийтийн тээврийн 40 чиглэлд 439 автобусны маршрут чиглэл тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгаа. Энэ нь өглөөний 06:00 цагаас 19:00 цаг хүртэл үйлчилнэ. Оройн 19 цагаас хойш замын хөдөлгөөн хэвийн байдлаар үргэлжилнэ. Автомашингүй өдрийг тохиолдуулан Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Их тойруугаас дотогш гудамж замын хөдөлгөөн хаагдана. Тэгэхээр баруунаас зүүн, зүүнээс баруун тийш зорчиж байгаа иргэд нийтийн тээврийн үйлчилгээгээ Их тойруу болон урдуураа Нарны зам, хойноос урагш, урдаас хойш чиглэлдээ Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн замаар хөдөлгөөнд оролцоод явна гэсэн үг. Мөн Энхтайвны өргөн чөлөө хаагдахтай холбогдуулан троллейбусны зарим шугам хязгаарлагдана. Жишээлбэл, Т2: Таван шар-Ботаник, Т5, Ч-63Б зэрэг чиглэлүүд тодорхой хугацаагаар хаагдана" гэв.