Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө Лаос улсыг зорилоо. БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотноо арваннэгдүгээр сарын 5-6-ний өдрүүдэд Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний есдүгээр уулзалт болох бөгөөд түүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. Дээд түвшний энэ удаагийн уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга, Европын Холбооны зөвлөлийн дарга, Европын комиссын Ерөнхийлөгч нар оролцож, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хөндөн ярилцах юм.Монгол Улсын хувьд 2006 онд АСЕМ-ын дээд түвшний VI уулзалтаар гишүүнээр элссэн үеэс эл уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан уулзалт, хуралд тогтмол оролцсоор иржээ. Түүнчлэн Монгол Улс 2011 онд АСЕМ-ын орнуудын Шилжилт хөдөлгөөн, суурьшилтын асуудлаарх цагаачлалын албадын удирдлагын хурал, энэ оны тавдугаар сард АСЕМ-ын Байгаль орчны сайд нарын 4 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулсан юм байна.























































