Хөвсгөл аймаг МҮАН-ын гишүүд өлсгөлөн зарлаад 27 цаг болж байгаа бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Тэдэнд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар шөнийн 02 цагаас эхлэн биеийн байдалд нь анхаарал тавьж эмчийн үзлэгт бүрэн оруулан, эрүүл мэндэд нь байнгын хяналт тавьж байгаа аж.Мөн өчигдөр орой аймгийн Сонгуулийн хорооноос тус намынхныг зөвшилцөхөөр дуудан уулзжээ.
Намын гишүүдийг очиход аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичиг н.Эрхэмбаяр, гишүүн Бөхсуурь, гишүүн Гандэлгэр нар байсан бөгөөд Сонгуулийн хорооны гишүүд МҮАН-ынханд хандан "Эрүүл мэндээ хохироож болохгүй. Нэгэнт саналын хуудас хэвлэгдсэн учраас та бүхний хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Бид хуулийн хугацааны 14 хоногийн дотор давж заалдана" хэмээн мэдэгджээ.
Өлсгөлөн зарласан иргэд тавьж буй шаардлагын хариуг нэн даруй шийдвэрлэхгүй бол цаашид өлсгөлөнгөө хуурай болгоно гэлээ.























































