Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн гэр бүл, хамаатан садан, жолооч, бие хамгаалагч гээд нийт 14 хүн Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Өчигдөр л гэхэд МАН-аас нэр дэвшигчид тэдэнтэй халз мэтгэлцэх хүсэлтээ илэрхийлсэн. С.Эрдэнийн хүү Э.Ганболор наймдугаар хороонд, эхнэр Н.Нинжбадгар нь 20-р хороонд, хүргэн Г.Энхболд нь хоёрдугаар хороонд, охин Э.Содгэрэл нь намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа. Хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй тул С.Эрдэнийн гэр бүлийнхнийг буруутгах аргагүй ч өрсөлдөгч нарт нь энэ нь хүндээр тусч байгаа бололтой. Харин энэ дүүрэгт хэдэнтээ улиран сонгогдсон эрхэм сайдын замаар явж буй гэр бүл, садан төрлийнхний сонгуулийн сурталчилгааны зардлыг С.Эрдэнэ өөрөө гаргаж байгаа аж. АН, МАН ер нь том намууд сонгуульд нэр дэвшүүлэхдээ босго өндөртэй байдгийг нуух юун. С.Эрдэнэ сайд Баянгол дүүргийн АН-ын дарга тул заримаас нь намын хандив аваагүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийтийн жишгээр хэдэн сонирхолтой тоо бодож үзье.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-аас энэ орон нутгийн сонгуульд тойрогт нэр дэвшихэд доод тал нь 5 сая төгрөгийн хандив өгч байгаа аж. Харин намын жагсаалтаар орвол 10-50 сая төгрөг. С.Эрдэнэ сайдын охин Э.Содгэрэл “ялах нь гарцаагүй” гэсэн хувилбарыг сонгож намын жагсаалтын нэгд бичигдсэн. Намд өгөх мөнгө нь тавин сая. Бусад 13 нь тойрогт тус бүр хамгийн багадаа 5 саяыг хандивласан гэвэл 65 сая төгрөг болж байна. Ингээд бодохоор С.Эрдэнийнхний зүгээс намдаа өгсөн мөнгө нь багаар бодоход 115 сая төгрөг болох аж.Мөн сонгуулийн сурталчилгааны зарим хэсгийг АН-аас дааж байгаа ч ухуулагч хөлсөлж авах, өөрийн сурталчилгааны материалаа тараах, сонгуулийн штабын байр түрээслэх гээд нэг нэр дэвшигчээс ойролцоогоор 10 сая төгрөг гарч байгаа гэж эх сурвалж өгүүлж байна. Тэгвэл С.Эрдэнийн “талын” 14 хүн сурталчилгаандаа нийт 140 саяыг зарцуулах тоо гарч байна. Овоо их мөнгө. Ингээд 14 хүний сурталчилгаа, намын хандивын зардлыг нэмбэл 225 сая гэсэн тоо гарч байгаа юм. АН аль ч тойрогт шанстай гэж яригдаж байгаа тул С.Эрдэнэ сайд болон түүний гэр бүл, эргэн тойрныхон сайдын халааснаас гарсан мөнгөнөөс илүү алсыг харж ийм алхам хийсэн биз ээ.
Ямартаа ч С.Эрдэнийн “талынхан” МАН-ын нэр дэвшигчдийн халз мэтгэлцэх саналыг хүлээж авбал нэг газар олон сонирхолтой хүн цуглаж, сонгуулийн өмнөхөн содон үйл явдал болох нь.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (28)