Их эзэн Чингис
хааны мэндэлсний 850 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Төр засгаас
олон нийтийг хамарсан соёлын хэд хэдэн арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь
Чингис хааны нэрэмжит музейг нээх үйл ажиллагаа байлаа. Өнөөдөр Чингис хааны
музейн нээлтийг үндэсний түүхийн музейд хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ерөнхийлөгчийн
тамгын газрын дарга П.Цагаан, Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд
Ц.Оюунгэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Уг музейн үзмэрүүдийг Хар
хорин музей, түүхийн музей Монголын үндэсний номын сан, үндэсний архивын газар,
Цэргийн музейн сан хөмрөг болон Тайваны үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж
байсан хаад хатадын хөрөг, Хубалай хаан ан хийж буй зургийн хуулбар зэрэг ховор
нандин 400 гаруй үзмэрээс бүрдүүлсэн байна. Өнөөдөр дэлгэн үзүүлсэн үзмэрүүдийн
ихэнхийг урд өмнө нь судалгааны ажлын хүрээнд орж байгаагүй үзэгч сонирхогчдод
үзүүлж байгаагүй аж. Энэхүү үзэсгэлэн манай улсад Чингис хааны өв, бүхэл бүтэн сонирхлын
аялал жуулчлалын хэсэг, мөн бүтэн музей болон эзэн хааны судлалын эхлэлийг тавьж буй мэт. Монгол түмний түүх соёлын дундрашгүй арвин баялагийн нэг хэсгийг
энэ үзэсгэлэнгээс харж болохоор байна. Үзэсгэлэнд тавигдсан эд өлгийн зүйлүүдийг түүхийн музейн хоёр танхимд хуваан дэлгэсэн байна. Нэгдүгээр танхимд 13-р зууны үеийн хаад хатдын хэрэглэж байсан эд өлгийн зүйл болоод Чингис хааны бүхий л насны цаг үетэй холбоотой мэдээ материалыг хэвлэн тавьсан байна. Харин хоёрдугаар танхимд Тайванаас ирсэн хаад хатдын нийт 23 хөрөг зураг мөн 13-р зууны хатадын өмсөж байсан дээл, малгай чимэг зүүлт нарыг дэлгэн тавьсан байна. Уг хөрөг зургууд нь Тайваны Үндэсний ордон музейд хадгалагдаж байсан бөгөөд Монголын түүхэн 8 хаан, 15 хатны зураг багтаж байгаа аж. Тус үзэсгэлэн нь 3 сарын турш тавигдах юм.
Тайваний Үндэсний ордон музейд Монголын 8 хаад, 15 хатдын хөрөг зураг хадгалагддаг. Хаадын зургийг 74.1 х 116.1 см хэмжээтэй, торгон дээр будаг, бэхээр зурсан бол хатдын зургийг хоёр хоёроор нь 76 х 114.7 см хэмжээтэй торгон дээр мөн адил зуржээ. Уг хөрөг зургуудыг XIV зууны үед хааны ордоны зураачид бүтээсэн байна. Хөрөг зургийн хажуу талд ханз үсгээр эздийнх нь цолыг холбогдох мэдээллийн хамт тэмдэглэжээ. Эдгээр хөрөг зургууд нь Монголын их хаад, хатдын дүр төрхийг хамгийн үнэмшилтэй бодит байдлаар дүрслэн үзүүлсэн бөгөөд монголчуудын хувцас өмсгөл, гоёл чимэглэлийг харуулах үнэт сурвалж болдог. Тухайлбал, Чингис хааныг арагш буусан цагаан арьсан гадартай, хар арьсан дотортой малгай, зөв ташуу энгэртэй дээл өмссөн, шингэвтэр сахалтай, чихнийхээ араар гөрмөл гэзгийг унжуулсан, их хүний уужим харцтайгаар дүрслэн харуулжээ. Их хааны хөргийг ордны зураач, их бичгийн хүн Хорихосун бүтээсэн гэдэг. Хатдыг дүрслэхдээ тогосын өд хатгаж, үнэт чулуугаар чимэглэсэн богтаг малгайтай, хоргой болон торгоор эмжсэн зөв, ташуу энгэртэй дээл өмссөн, ихэмсэг байдалтай дүрсэлсэн байна.
“Хубилай хаан ан хийж буй нь” хэмээх зураг нь анч ноход, шонхор шувуугаар ан гөрөө хийх монголчуудын эртний уламжлалыг тодорхой харуулсан байдаг. Мөн хаан болоод шадар туслахууд, тэдгээрийн үйл хөдлөлийг уран чадварлаг дүрслэжээ.
Эдгээр хөрөг зургийн хуулбарыг Тайваний Үндэсний ордон музейгээс Монголын Үндэсний Музейд бэлэглэсэн юм.
ССАЖ-ны сайд Ц.Оюунгэрэл үзмэрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Чингис хааныхөө өдрийг анх удаагаа тэмдэглэж байна. Энэ баярт өдөрт зориулж улсын төсвөөс 40 сая төгрөг зарцуулж хийж байгаа томоохон үзэсгэлэн байгаа. Тэгэхээр энэ үзэсгэлэн дээр бид олон үзмэрүүдийг багтаасан. Энэ музейг шинжлэх ухааны байгууллагууд, музейнүүд, соёл урлагийн байгууллагууд энэ үйл ажиллагааг маш их баяртайгаар сэтгэл өндөр хүлээж авч маш богино хугацаанд энэ томоохон үзэсгэлэнг нэгтгэсэн. Та бүхэн харж байгаа байх. Эзэн Чингис хааныхаа талаар бид ямар их зүйлийш судалж мэдэж цуглуулсан байна. Үүнийг нэг дор авчрахад богино хугацаанд нилээн их ажил хийж чадсан нь харагдана. Хүмүүсийг ирээрэй үзээрэй. 13-р зуунд зочлоорой. Хамгийн гол нь их эзэн Чингис хааныхаа түүхтэй нэг дор танилцаарай гэж хэлмээр байна. Энэ үзмэрийг үзэх боломж тэр болгон олдохгүй болов уу” гэдгийг онцолсон юм.
Т.Хулан
























































Сэтгэгдэл (6)