Орон нутгийн сонгууль дууссан ч зарим аймгийн ИТХ Засаг даргаа сонгоогүй байгаа. Тухайлбал яг одоо Булган аймгийн ИТХ хуралдаж байна. ИТХ-ын шинэ гишүүд өнөөдөр ИТХ-ын даргаа сонгосон бөгөөд хурал хаалттай явагдаж байгаа аж. 2012 оны сонгуулиар Булган аймгийн ИТХ-ын 33 суудлаас АН-17, МАН-14, МАХН-2 суудал авсан байна. Тиймээс иргэд ИТХ-ын даргаар АН-ын хүн сонгогдоно гэж таамаглаж байсан ч хаалттай хуралдаанаас өөр шийдвэр гарчээ. ИТХ-ын даргад 12 жил аймгийн засаг дарга байсан МАН-ын гишүүн М.Оюунбат, мөн 12 жил ИТХ-ын төлөөлөгч байсан АН-ын гишүүн Д.Батсайхан нар өрсөлдсөн байна. Харин нэг хүний саналын илүүгээр МАН-ын М.Оюунбат ялж аймгийн ИТХ-ын дарга болжээ. Одоо тэд аймгийн засаг даргаа сонгохоор хэлэлцэж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн нэрийг мэдээлээгүй байна. Уг нь АН-ын хувьд Орон нутгийн сонгуулийн өмнө олонхийн санал авч, ялалт байгуулж чадвал аймгийн АН-ын дарга нь засаг дарга болно гэсэн тохироо хийгээд байсан юм. Тиймээс шинэ засаг даргаар Булган аймгийн АН-ын дарга Д.Эрдэнэбатыг томилно гэж яригдаж байсан. Харин Булган аймагт нөхцөл байдал өөрчлөгдөж, АН ялсан аймагт МАН-ын дарга нар сонгогдох сонирхолтой нөхцөл байдал үүсчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (20)