Зуу гаруйхан хоногийн настай Шинэчлэлийн Засгийн газраас МАХН Н.Энхбаярын даалгавраар гарахгүй байхаар шийдлээ. Н.Энхбаярын ялыг хэвээр үлдээж хэлмэгдүүлвэл МАХН Засгийн газраас гарна гэсэн шадар сайд Д.Тэрбишдагвын мэдэгдэл хүчингүй боллоо гэсэн үг л дээ. МАХН засгаас гарна гэсэн сургаар МАН-ын гишүүд ханьтай боллоо гэж хамгийн их баярласан бол АН-ынхан засаг бужигнах нь гэж хамгийн их айсан. Харин хамтрагч МҮАН-ынхан нь гайхсан. Гэтэл Улсын дээд шүүхийн хурлын өмнөхөн Н.Энхбаяр эмнэлгийн орноос команд өгч “Засгийн газар тогтвортой байх ёстой” гэж мэдэгдсэн нь ёстой л “баатарлаг” үйлс байв. Н.Энхбаярын улаан фенүүд нь “манай дарга ийм л ноён нуруутай хүн дээ” гэж шүтэн бишрэхдээ харин түүнийг Засгийн газраар, улс төрөөр тоглож байгааг үл анзаарав.Уг нь Засгийн газар гэж дураа хүрэхээр ордог, дургүйгээ хүрэхээр гарчихдаг тийм намхан босготой “айл” биш. Үнэндээ Д.Тэрбишдагвын мэдэгдэл Н.Энхбаярын ялыг хөнгөлөх гэсэн нэг тактик байсныг үгүйсгэх аргагүй. Түүний Шинэчлэлийн Засгийн газраас гарна гэсэн нь зүгээр л тоглоом ч байсан юм шиг. Д.Тэрбишдагва мэдэгдэхдээ “Орон нутгийн сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчдийг шахаж хавчисан тул” гэж шалтагласан бол одоо Засгийн газраас гарвал МАХН-ын гишүүдийг эргүүлэн татаж магадгүй гэж Засгийн газраас гарахгүй байх шийдвэрээ тайлбарлаж байгаа сурагтай. Нэгэнт Н.Энхбаярын 4 жилийн ялыг 2,6 жил болгож чадсан юм чинь Засгийн газраас гарах шаардлагагүй болсон бололтой. Харин МҮАН-ын гишүүд Н.Энхбаярын тоглолтыг мэдсэн үү, буйр заан байрнаасаа хөдөлсөнгүй. Тэднийг МАХН-аас салж АН-тай нэгдэнэ гэх яриа гарч байсан нь аль эртний хардлага. Гэхдээ энэ удаа биелсэнгүй.
Н.Энхбаярын “гарна, орно” гэсэн энэ тохуутай даажигнал өнгөрсөн хэд хоногт цөөнгүй хүнийг нойргүй хонуулсан юм. Учир нь Д.Тэрбишдагва, Н.Удвал, Ч.Улаан сайд нарын суудал дээр очих гэсэн нөхдүүд “МАХН гарчихаасай гэж залбиран сайд болох хороо найруулахаар зэхэж байжээ. Гэтэл тэдний хүссэнээр болсонгүй, Н.Энхбаярын тоглоомд л хууртчихаж. Энэ хооронд “Гараараа таныгаа даллая даргыг минь сулла, гарахаараа та нарыг айлгая даргыг минь сулла” гэсэн хошин үг ч гарчээ.
Өлсгөлөн зарлаж өвдөг шороодсныг нь өмөөрдөг монголчуудыг уярааж авсан МАХН-ын даргын ээлжит тоглоом тохуу ийнхүү улс төрийг бужигнууллаа. Дараагийн шүүх хурлын өмнө "Засгийн гараас гарна" гэдэг шиг өөр онц сонирхолтой төлөвлөгөө тэнд зохиогдож байгааг хэн мэдэх вэ?
Т.Гэрэл
/24tsag.mn/
























































Сэтгэгдэл (48)