Олныг сэртхийлгэж, мөн зэвүүцлийг нь хүргэсэн гэмт хэргүүд өнгөрсөн хэдэн сард нэлээд их гарав. Тухайн үедээ хэвлэл мэдээллээр шуугиж, нэг хэсэгтээ л олны анхаарлын төвд байсан ч хэрэг нь хэрхэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байсаар замхардаг.Харин уг хэргүүд ямар шатандаа яваа, хохирогч болоод гэмт этгээдийг хэрхэн шийтгэсэн талаархи мэдээллийг хүргэж байна.
Буудлын ресепшн эмэгтэйг хөнөөсөн этгээдэд эрүү үүсгэн шалгаж байна
Энэ сарын 1-нд буюу өнгөрсөн амралтын өдрөөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Merdy” гэх буудалд буудлын ресепшн 24 настай эмэгтэй О-г боомилж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт буудлын эзэн ажилчид, мөн буудлын эсрэг талд байрладаг авто засварын газарт шөнийн ээлжинд ажилласан хоёр ажилтанг холбогдуулан байцааж байсан. Харин гэмт этгээдийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн олж тогтоосон байна. Хэргийг хувийн компанид ажилладаг Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Т гэгч үйлдсэн нь нотлогдсон юм. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 91-д зааснаар хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэмээн эрүү үүсгэн, шалгаж байна.
Хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан Д.Энхээгийг ялыг 25 жил болгон өөрчлөв
Өнгөрсөн оны зургадугаар сарын 29-ний шөнө согтуугаар өс хонзонгийн сэдэлтээр эхнэр Н болон түүний гэр бүлийн таван гишүүнийг алах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хадам эцгийнхээ гэрт очиж, байшингийн дээврийн хонгилоор дамжиж, гэрт нь нэвтрэн иргэн Б-ийн зүүн хөхний доор хоёр удаа, хэвлийн баруун хажуу талд, зүүн далны доор суганы арын шугам орчим нэг удаа хутгалж санаатай алсан, мөн хоёр хүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан Д.Энхээд хоёр шатны шүүхээс цаазын ял оноосон.Мөн тэрээр эхнэр Н-ийн төрсөн дүү 15 настай Ц-г өгзөг тус газар хутгалж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн түүний дүү таван настай Х, төрсөн охин хоёр настай Э нарыг ална гэж заналхийлж, хадам эх Б-ийн банкнаас зээлсэн арав сая төгрөгийг нэхэж, 30000 төгрөгийг дээрэмдэж авсан, дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа Б-ын гэрийн хаалгыг эвдэж, цонхыг хагалан, хохирогч нарын гар утсуудыг санаатай эвдсэн юм. Харин уг хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, түүнд оноосон цаазын ялыг 25 жил болгон өөрчилсөн билээ.
Кранд даруулж амиа алдсан охины хэргийг прокурорт шилжүүллээ
Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр 17:30 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Саппорогийн тойргоос Ард Аюушийн өргөн явах замд буюу П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран ойролцоох замын гарцаар гарч явсан арван настай охины дээрээс унаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан.Уг хэрэгт зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарт эрүү үүсгэн, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан. Харин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан тул хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн байна.
Тэднийг Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.
Тодруулбал, “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.
Урьдчилсан байдлаар зуурмаг шахагч автомашин хоёр талын барилгын хоорондын зай бага стандарт зөрчиж баригдсанаас үүдэлтэйгээр хоёр талын тулгуураа гүйцэд сунгаж чадалгүй шахагч хоолойгоо сунгах үеэр сул шороотой газар цөмөрч автомашин хөмөрсөн гэсэн дүгнэлт гарсан юм.
Хоригдлоо зодсон хурандаагийн хэргийг мөрдөн байцаах албанд шалгаж байна
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд хуучин Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа Н.Лхагважав нь 441 дүгээр ангид хоригдож байсан Р.Эрдэнэтөгс гэх хоригдлыг согтуудаа зодож танхайрсан хэрэг гарсан. Тиймээс ШШГЕГ-аас хоригдол зодсон хурандааг ажлаас нь халж, хэргийг нуун дарагдуулсан ангийн даргад хариуцлагын арга хэмжээ авсан билээ.Хууль хяналтын байгууллагад харьяалалтай хүмүүст холбогдсон хэргийг цагдаагийн байгууллага биш Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хянадаг учир хэргийг тус газарт шилжүүлсэн байна. Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас дэд хурандаа Н.Лхагважавт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Хэргийг сануулбал, өнгөрсөн сарын 15-ны өглөө хүмүүжигч Р.Эрдэнэтөгс ээлжит жижүүрээ хийж байжээ.Өглөөний тоондоо гараад харуулын байрандаа ирэхэд нь дэд хурандаа Н.Лхагважав “Ажлын байрандаа байсангүй” хэмээн зодож биед нь хүнд гэмтэл учруулсан нүдний болорыг нь хагалсан. Хүмүүжигч Р.Эрдэнэтөгс одоогоор хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа юм.
Хүний аминд хүрсэн Тэнгисийн хажуугийн барилгыг АТГ-т шалгасаар...
Өнгөрсөн есдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Тэнгис” кино
театрын хажууд баригдаж байсан барилгаас төмөр унаж, 21 настай залуугийн
амь насыг хохироосон хэрэг гарсан. Тиймээс уг хэрэгт Чингэлтэй дүүргийн
цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Харин
удалгүй уг барилгын хэргийг АТГ-т шилжүүлэн шалгасан билээ. Учир нь
зөвшөөрөлгүй барилгыг үргэлжлүүлэн барих зөвшөөрлийг МХЕГ-ын байцаагч
олгосон. Тиймээс МХЕГ-ын байцаагч авлига авсантай холбоотой байж
болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Харин уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа АТГ-т үргэлжилсээр байна. Хилийн харуулыг буудсан хоёр тува иргэнийг олжээ
Завхан аймгийн Тэс сумын нутагт байрлах хилийн ойролцоо өнгөрсөн сарын 3-4-нд шилжих шөнө Тува улсын хоёр иргэн хил зөрчиж, үүргээ гүйцэтгэж явсан хилийн харуулыг буудаж хүнд шархдуулсан хэрэг гарсан. Үүнээс хойш ОХУ-ын хилийн алба, цэрэг, цагдаагийн хамтарсан эрлийн баг ажиллаж, хил зөрчин хүний аминд хүрэх дөхсөн этгээдүүдийг хайж эхэлсэн бөгөөд хил зөрчсөн тува нар Кукуртуг гэх тосгоны иргэд болох нь тогтоож, тайгын нэг сууринд бүгж байгааг олж тогтоосон юм. Одоогоор тайгын эргэн тойронд ус, намаг ихтэй, тэдгээр нь хөлдөөгүй байгаа болохоор хил зөрчигчдийг баривчлах ажилд саад учирч байгаа юм байна.Б.Золбоо
























































Сэтгэгдэл (11)