Хятадад дэлхий сөнөх талаар цуу тараасан 52 хүнийг баривчилж саатуулжээ

Дэлхий сөнөх тухай цуу үг гарсаны улмаас олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж Хятадын цагдаагийн байгууллага идэвхтэй ажиллаж байна. Зөвхөн 12 дугаар сарын байдлаар Хятадын хууль хамгаалагчид долоон мужид 93 хүнийг дэлхий сөнөнө хэмээн цуурсан хэргээр баривчилжээ. Хятадын баруун хойд нутгийн Хөх нуур мужид загалмайтны бүхнийг чадагч бурхан гэдэг бүлгийн 37 гишүүнийг баривчилсан гэж Шинен хотын захиргааны олон нийтийн амрыг хамгаалах газраас мэдээллээ. Мөн цагдаагийн газраас луйварчдын гарт энгийн иргэд хууртагдахаас сэргийлсэн тусгай ажиллагаа явуулж байна. Дээр дурдсан Христийн шашны бүлгийнхэн хорин нэгнээс хойш гурван өдөр дэлхий ертөнц харанхуй байх болно. Дэлхий дээр цахилгаан байхгүй болно. Түүнээс биш амьд бүхэн устахгүй гэж номлож байсан байна. Энэ мэдээллээ тарааж түгээхийн тулд тэд зурагт хуудас ном нугалбар, ухуулах хуудас, CD, уриа лоозон ашиглаж байжээ. Мөн тараах материал бэлддэг техник, багаж хэрэгслийг нь цагдаагийхан хурааж авсан байна. Өвөрмонголд дээрх бүлгийн номлолыг дагадаг дөрвөн хүнийг илрүүлжээ. Зөвхөн энэ шүтлэгийг л дагадаг хүмүүс аврагдах болно гэж тэд итгэсэн байна. Ер нь хүмүүс тэдний ярианд онцгой анхаарал тавьж байгаагүй байна. Харин орон нутагт тосгоны хөгшчүүд нилээн автах маягтай байжээ. Хятадын дорно зүгт байдаг Фү Зян мужид 34, зүүн нутаг Ху Бэй мужид тав, баруун хойд талын Шэн Сэд долоо, баруун өмнөдөд байдаг Сычуань мужид хоёр хүнийг цуу тараасан хэргээр баривчилжээ. Мөн Чунцин хотод дөрвөн хүнийг баривчилж арван хоног саатуулах тогтоол гарсан байна.