Дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ сарын 24-26-нд Тяньжиний "Гранд" театрт П.И.Чайковскийн "Щелкунчик" балетыг тоглох болсон таатай мэдээлэл байна. Тайз, гэрлийн зарим мэргэжилтнүүд өчигдөр БНХАУ-ыг зорьсон бол хөгжимчид, бүжигчид болон бусад мэргэжлийн хүмүүс энэ долоо хоногт араас нь явах аж. Дуурь бүжгийн эрдмийн театрынхан 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр Дэлхийн сонгодог бүтээлийг бүрэн эхээр нь тоглох анхны аялан тоглолтоо хийж байгаа нь энэ. Тяньжиний 1500 хүний суудалтай "Гранд" театрт тоглох П.И.Чайковскийн "Щелкунчик" балетыг маэстро Н.Туулайхүү удирдан тоглуулна. Манай театрыг тоглохоос өмнө буюу өнөөдөр тус театрт ОХУ-ын хөгжмийн театрынхан "Хунт нуур"-ыг тоглох юм байна. Тяньжиний "Гранд" театр нь анхны улирлын тоглолтоо хийж байгаа цоо шинэ байгууллага учраас Ла Скала", "Марийнский" зэрэг алдартай театрын уран бүтээлчдийг урьж нээлтийн тоглолтоо хийж байсан гэдэг. Энэ жил анхны Зул сарын баяраа хийж байгаа учраас тэднийхэн манай театрт энэ баярт зориулсан дэлхийд алдартай уран бүтээл байгаа эсэхийг судалж үзээд "Цөмөөхэй" байсан учраас урьсан аж. Т.Хулан























































