Өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 17-нд Дархан-Уул аймагт хүүхэд барьцаалж, 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан. Хэргийн талаар сурвалжлахаар манай сурвалжлах хэсэг Дархан-Уул аймгийг зорьлоо.

Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэс 2012.12.20 16.00 цагт
Цагдаагийн газрынхан бүгд мэдээлэл өгөхөөс татгалзаж байв. Учир нь дарга Н.Намсрайжав нь мэдээлэл өгч болохгүй хэмээн үүрэгдсэн байлаа. Уг нь бол энэ хэргийн талаар нууж, хаагаад байх зүйл байхгүй баймаар. Өөрөөс нь тодруулахад ч “Хэргийн үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Мөн хотын хэвлэлээр сүртэй мэдээлэл цацагдсан байна. Уг нь тийм ноцтой зүйл болоогүй. Хэвлэлийнхэн худлаа сенсацилаж байна. Барьцаалсан юм ч байхгүй. Хүүхэд алга болсон дуудлага л ирсэн гэв.
Харин өөр нэгэн албаны эх сурвалжаас тодруулахад “Хэвлэлээр гараад байгаагийн 80 хувь нь үнэн. Хүүхдийг барьцаалж, 100 сая төгрөг нэхсэн нь үнэн. Мөн 99-тэй дугаараас мөнгө нэхсэн нь ч үнэн. Уг хэрэгт хотоос нэр бүхий хэдэн хүнийг, Дархан-Уул аймгаас мөн хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Дарханы цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хүүгийн ар гэрийнхнийг нь байлцуулан хүүгээс тайлбар авсан. Тэрээр “Сургуулийнхаа хашаагаар ортол хэн нэгэн хүн араас ирээд малгайгаар нүд таглаад машинд суулгаад авч явсан. Тэгээд нүдийг минь боочихоод орон сууцны нэг айлд оруулж, буйдан дээр суулгасан. Бие засъя гэхэд ариун цэврийн өрөө рүү оруулсан. Надтай хамт нэг л хүн байх шиг байсан” гэж мэдүүлсэн гэлээ.
Тус сургуулийн захиралаас тодруулахад“Хүүхэд барьцаалсан хэрэг сонсоод их айлаа. Цаашид болгоомжилж байна. Гэхдээ одоохондоо мэдээлэл өгөхгүй” гэв. Ингээд ангийн багш Г.Цолмонтуяатай уулзлаа.

Хүүгийн сурдаг есдүгээр сургууль 16.40 цагт

Б.Жанцандорж Бүгд таван хошуу. Тэрээр ангийн тэргүүний сурагчдын нэг
-Хичээл 13.30-аас ордог. Гэтэл Б.Жанцандорж хичээлдээ ирээгүй. Хичээлдээ их сайн, хичээлээ ер тасалдаггүй хүүхэд болохоор гайхаад аав ээжээс нь асуусан. Тэгэж л алга болсныг нь мэдсэн” гэв.
Хүү энэ өдөр хичээлдээ ирээгүй байв. Мөн ээж нь ч ажилдаа ирээгүй байлаа. Ээжийг нь Н.Отгон гэдэг. Тэрээр тус сургуулийн хөдөлмөрийн багш аж. Ингээд хүүгийн гэрт очив. Гэрт очиход гэр нь эзэнгүй байв.

Хүүгийнх энэ байрны дөрвөн давхарт байдаг
Тиймээс тус байрны оршин суугчдаас тодруулахад “Өчигдөр уржигдар хүүгээ олсноос хойш гэртээ ирээгүй. Эзэнгүй байгаа. Хаашаа явсныг нь одоохондоо мэдэхгүй байна. Ер нь их боломжийн амьдралтай айл. Тэгээд л хүүг нь барьцаалсан байх. Ээж нь хүүгийнхээ сургуульд хөдөлмөрийн багш. Аав нь аймгийн захиргааны мэргэжилтэн. Уг нь ааш сайтай сайхан айл байдаг юм. Эднийхтэй өс хонзон санаад байдаг хүмүүс байдаггүй байх. Зүгээр л гайгүй амьдралтай болохоор нь мөнгө төгрөг авчихна гэж бодож л хүүг нь барьцаалсан болов уу. Ер нь сургууль нь яг хажууд болохоор хүү байнга л ганцаараа явдаг” гэсэн юм.
Мөн хотоос цагдаагийн ажлын хэсэг гарган ажиллаж байгаа хэмээн мэдээлж байсан ч зөвхөн Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, орой 21.00 цагийн үед гэмт этгээдийг баривчилсан байна. Тэрээр хүүгийн ар гэрийн ойрын хамаатан байсан бөгөөд шунахайн сэдлээр хэргийг үйлджээ. Одоогоор түүнийг саатуулан шалгаж эхэлсэн байна.
Дархан-Уул аймгийг тэр чигтээ камержуулттай. Нийт 120-130 камер гудамж талбайд байрлуулсан байгаа аж. Тиймээс гэмт этгээдийг баривчлах ажилд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж байв.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (11)