
Украин улс ОХУ руу сүүлийн нэг жил гаруйн хугацаанд байгаагүй хамгийн том дроны дайралтыг хийж, Москва хот болон ойролцоох бүсүүдэд дор хаяж дөрвөн хүн амиа алдсан талаар Оросын албаныхан мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор Украин талаас илгээсэн 1000 гаруй дроныг устгасан байна. Үүнээс 80 гаруй нь Москва орчимд чиглэсэн бөгөөд зарим дрон орон сууц, үйлдвэрийн бүсэд унаж, гал түймэр гарчээ.
Москва мужид гурван хүн амиа алдсан бол ОХУ-ын Белгород мужид дахин нэг хүн дроны халдлагын үеэр нас барсан байна. Мөн 10 гаруй хүн шархаджээ. Москвагийн Шереметьево нисэх буудал болон бусад томоохон нисэх буудлуудын үйл ажиллагаа түр хугацаанд доголдож, олон зуун нислэг цуцлагдсан байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэхүү дайралтыг “Оросын тасралтгүй халдлагын хариу арга хэмжээ” хэмээн тайлбарлажээ. Тэрбээр “Манай хотууд руу довтолж буй дайныг үргэлжлүүлсний төлөө өгч буй хариу бүр бүрэн үндэслэлтэй” гэж мэдэгдсэн байна.
Энэхүү халдлага нь ОХУ Киев хот руу дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй пуужин, дроны цохилтыг өгснөөс хэдхэн хоногийн дараа болсон юм. Сүүлийн өдрүүдэд хоёр тал алсын тусгалтай дрон, пуужингийн довтолгоогоо эрчимжүүлж, дайн улам хурцдаж байгааг ажиглагчид онцолж байна.
Л.Баяр





















































