
Засгийн газар Төсвийн тухай хуульд тодотгол хийх төслөө өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Эдийн засаг, нийгмийн нэн шаардлагатай зургаан багц арга хэмжээг хэрэгжүүлж, 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд, нийт зарлагыг 34 их наяд, алдагдлыг 2 их наяд буюу ДНБ-ий 2 хувьд барихаар Н.Учралын Засгийн газар төсвийн тодотголыг зуржээ.
Эндээс хамгийн анхаарал татаж буй нэг зүйл нь Ерөнхий сайдын ч, Сангийн сайдын ч онцлоод байгаа Иргэн бүр ТӨХК-иудын ногдол ашгийг хүртдэг болох тухай. Н.Учралын Засгийн газар Төсвийн тодотголоор ингэж иргэн бүрт анх удаа Төрийн өмчит компаниудын ногдол ашгаас хүртэр боломжийг нээж байгаа ажээ.
Улс төрийн энэ шийдвэрийг Баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бодит үр дүн гаргах бөгөөд Төсвийн тодотголын хамт энэ өөрчлөлтийг өргөн барьж буй. Өмнө нь бол ТӨХК-иудын ашиг иргэдэд огт хүртдэггүй байлаа. Үр өгөөж нь үл мэдэгдэх тийм л зохицуулалт үйлчилдэг байлаа.
Учир нь, Баялгийн сангийн хуулиар орлого төвлөрүүлэгч компани дээр нь хуримтлагдсан мөнгө нь төсөв рүү ч ордоггүй, иргэдэд ч очдоггүй байв. Зөвхөн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гээд цомхон хүрээнд л шийддэг байлаа. Одоо тэгвэл Сангаа Засгийн газар 100 хувь эзэмшээд ТӨХК-ийн ашгийг төсөв дээр ногдол ашиг хэлбэрээр ашиглах бололцоо нээгдэж байгаа юм.
Бүр тодруулбал, ТӨХК-иудын ашгийг төсөл хөтөлбөр хэмээн хэдхэн хүн захиран зарцуулж байсныг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлээд иргэн бүр ногдол ашгаас хүртэх боломжийг энэ удаагийн Төсвийн тодотгол, түүнийг дагалдан өөрчлөлт оруулах хуулиудаар нээж өгч байна.
Үнэхээр энэ өөрчлөлтийг хийвэл Төрийн өмчит компанииуд цөөн улстөрч, захирал удирдлагынх нь өмч юм шиг биш дэлхийн хаана ч хувьцааг нь авч арилжиж болдог, өгөөж нь өсдөг болно. Төрийн өмчит компаниудыг цэгцэлж, дуусдаггүй яриа дуусна гэсэн үг.
А.Болд






















































