
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл ажлаа өгснөөр түүний оронд шинэ бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдсөн. Санал хураалтад оролцсон 41 гишүүний 24 нь УИХ-ын гишүүн Б.Түвшинг дэмжиж тэрбээр бүлгийн дарга болсон.
Шинэ албан тушаалдаа томилогдсон даруйдаа орон нутгийн томилолтод явсан тэрбээр өнгөрсөн баасан гарагт чуулганы хуралдаанд оролцох үеэрээ анхаарал татаад амжсан.
УИХ дахь АН-ын бүлгийн шинэ дарга Б.Түвшин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Батжаргалын өрөөнөөс гарч ирэхдээ архи үнэртүүлсэн байв.
Түүнээс Н.Учралын засгийн газартай хамтрах эсэх, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар байр суурийг нь тодруулахад, "Бүлгийн даргаар итгэмжлэгдээд хоёр цаг л болж байна. Монголчуудын үндэсний эрх ашиг, тогтвортой хөгжилд анхаарна. Хэтрүүлэхгүй, хэвийхгүй ажиллана. Мөн бүлгийн даргын байр суурь гэж байхгүй. Гишүүдийнхээ байр суурийг ярина” хэмээн мэдэгдсэн.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Түвшин АН-ын бүлгийг анх удаа даргална. Түүний хувьд улс төрийн ээдрээтэй асуудлуудад байр сууриа тодорхой илэрхийлж, хэлсэн зарчмаа бодит ажил хэрэг болгохын зэрэгцээ өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандах учиртай. Учир нь бүлгийн даргын суудалд сонгогдох нэг хэрэг, харин итгэл дааж, манлайллаа үйлдлээрээ харуулах нь өөр хэрэг билээ.
Т.Золзаяа




















































