Шинэ оны төрийн албан тушаалын анхны халаа, солиог энэ долоо хоногт хийх гэж байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэлхамыг баасан гарагийн УИХ-ын чуулганаар албан тушаалаас нь чөлөөлөхөөр орны хүнийг нь аль хэдийн тодруулаад байна. Тэрбээр өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан ч МАХН-д оролгүй МАН-д үлдэн ажиллаж байсан юм. Харин энэ удаа яалт ч үгүй түүний ээлж ирж ажлаа өгөх болжээ. Анх Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсны дараа яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг "өөрсдөө халагдах шалтгаанаа олоод өргөдлөө бичээд ир" хэмээн шахаж байсан гэх яриа байдаг. Магадгүй Б.Зүмбэрэлхамыг өөрийнх нь хүсэлтээр эсвэл биеийн эрүүл мэндийн байдлаас ажлаас нь чөлөөлөх биз. Төрийн албаны зөвлөлийн даргыг солисноор төрд хэн ажиллах вэ гэдэг АН-ы хувьд ч ёстой хаалтгүй болж байгаа хэрэг. Тэгээд ч удахгүй тус газрын Тамгын газрын даргыг ч бас солих тухай яригдаж байгаа гэнэ. Нэгэнт дээд даргыг нь сольчихвол доод тушаалтнуудыг бол саадгүй өөрчлөх нь. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсны дараагаас төрийн албаны томчууд ээлж, дараагаараа солигдож, АН-ын угшилтай хүмүүс "бялуу"-гаа хүртэж эхэлсэн. Тэгвэл удахгүй томчууд нь солигдож дуусаад дунд, доод албан тушаалтнууд нь халагдах ээлж ирж байгаа аж. Орон нутгийн сонгуулийн өмнө Шинэчлэлийн Засгийн газар төрийн албыг төрлийн алба болголоо гэж шүүмжлүүлж байсан ч үүнийг үл тоон 2013 онд их халаа, сэлгээг энэ мэтээр улам эрчимжүүлэх гэж байна. Энэ онд төрийн өмчит компаниудын удирдлага, яамдын газрын дарга нар, МАН-ыг дэмждэг бүх хүмүүсийг ээлж дараалан халах төлөвлөгөө бэлэн болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Үүнийг мэдэж байгаа МАН-ын гаралтай төрийн албан хаагчид араа бодон, өөр ажил хайж эхэлсэн байна. Засаг солигдох бүр ингэж аппаратаараа солигддог жишиг Ардчилсан намын үед ч дуусахгүй нь. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх албан хаагчид хэрэгтэй гэж байгаа ч олон жил ажлаа хийж, туршлагажсан хүмүүсээ энэ дунд хоморголон халж, харин садан төрлөө дарга даамал болгож байгаад хазаар хэрэгтэй болжээ. Шинэчлэлийн Засгийн газар тогтвортой сайн ажиллах нь Д.Тэрбишдагва нарын "орно, гарна" гэж айлгахаас илүү доод албан тушаалтнуудын тогтвортой байдлаас ихээхэн хамаарах юм шиг. Тэгээд ч ажлын алдаа дутагдал гаргасандаа биш өөр шалтгаанаар ажилгүй болж байгаа албан хаагчдын амьдалын баталгааг хэн хариуцах вэ?
24tsag.mn
























































Сэтгэгдэл (30)