Дарга
нарынх болохоор хууль зөрчөөд тоохгүй байж болдог, жирийн иргэдийнх
болохоор яагаад болдоггүй вэ? Энэ тэгээд ардчилал уу? Шударга ариун
явдал уу? Ард түмнийх болохоор цуцлагдах ёстой, Ардчилсан намынхан
болохоор цуцлагдах ёсгүй юу?
Хотын даргаар томилогдсон Э.Бат-Үүл нэлээд олон аж ахуй нэгж, иргэдийн газрын зөвшөөрлийг хууль бус хэмээн цуцалсан. Мөн дүүргийн дарга нарын олгосон газрын зөвшөөрлийг ч гэсэн цуцлахаа мэдэгдээд байгаа билээ. Хотын даргын мэдэгдэж байгаагаар бол газраа заасан хугацаанд ашиглаагүй, нийтийн эзэмшлийн зам тайлбайд олгосон, инженерийн шугам сүлжээ давхацсан зэрэг олон үндэслэл нь газрыг цуцлах шалтгаан болж байгаа. Энэ дагуу хотын дарга УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн ˝Дүнжингарав˝ захын газрын зөвшөөрлийг цуцалж, барилгыг нураахыг үүрэгдсэн тушаал гаргасан. Гэтэл энэхүү тушаал гараад долоо хоноогүй байхад УИХ-ын гишүүн Х.Наранхүү ˝Дүнжингарав˝ захынхаа нээлтийг хийсэн юм. Уг нээлтэд нь УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Б.Гарамгайбаатар нарыг дагуулан ирж оролцсон. Үндсэндээ УИХ-ын дарга З.Энхболд энэхүү үйлдлээрээ хотын дарга Э.Бат-Үүлийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
Үүнтэй зэрэгцээд дуулиант ˝Дүнжингарав˝ захын 50 хувийг БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ 65 сая ам.доллараар худалдаж авсан гэсэн мэдээлэл түгээд байна. Ийнхүү хотын даргын хүчингүй гэж зарласан ˝Дүнжингарав˝ зах нээлтээ хийсний дараа олон компанийн захирал нэгдэж эхэлжээ. Тэдэн дээр газрын зөвшөөрлөө цуцлуулсан иргэд ч нэмэгдэх болжээ. Мөн дүүргийн газрын зөвшөөрлөө цуцлуулахаас эмээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ч нэгдэж хотын даргаас шударга ёсыг шаардаж эхлэх бэлтгэлдээ оржээ.
Тэд хотын дарга Э.Бат-Үүлээс хоёр зүйлийг асууж эс биелүүлбэл газрын зөвшөөрлүүдээ ч цуцлуулахгүй, хууль шударга ёс эрх тэгш иргэн бүрт хүрч үйлчлэх ёстой гэдгийг сануулах бололтой.
Нэгдүгээрт хотын дарга Э.Бат-Үүлийн хүүгийн Туул голын ай сав газарт барьж байгаа ˝Эрдэнийн төгөл˝ хотхоны зөвшөөрлийг цуцлах ёстой. Улаанбаатарт ганцхан байгаа “Оргил” рашааны ундарга дээр баригдаж байгаа, өндөр хүчдэлийн дор газрын зөвшөөрөл өгсөн зэрэг нь цуцлагдах хангалттай үндэслэл болох ёстой.
Хоёрт УИХ-ын гишүүн Х.Наранхүү, сайд Д.Бат-Эрдэнэ нарын хамтын эзэмшил болох ˝Дүнжингарав˝ захын үйл ажиллагааг зогсоож газрын зөвшөөрлийг хүчингүй болгосноо хэрэгжүүлэх ёстой. Хэрэв энэ бүхнийг хийж, хэрэгжүүлж чадахгүй бол жирийн иргэд, ядарсан компаниудын нэр дээр байсан цуцалсан газрын зөвшөөрлөө эргэж сэргээх хэрэгтэй. Дарга нарынх болохоор хууль зөрчөөд тоохгүй байж болдог, жирийн иргэдийнх болохоор яагаад болдоггүй вэ? Энэ тэгээд ардчилал уу? Шударга ариун явдал уу? Ард түмнийх болохоор цуцлагдах ёстой, Ардчилсан намынхан болохоор цуцлагдах ёсгүй юу? гэх мэтийн асуудлыг ярьж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл хотын дарга Э.Бат-Үүлийг хүүгийнхээ нэрээр дамжуулан барилга барьж байгаа нь ашиг сонирхолын тухай хуулийг зөрчиж байна гэх мэт асуудлыг ч өөр хоорондоо ярилцаж байгаа сурагтай.
Эх сурвалжийн өгсөн энэхүү мэдээлэл үнэн бол хотын даргын шийдвэр хүндхэн сорилттой тулгарах бололтой. Хамгийн гол нь газраа цуцлуулсан компанийн удирдлага, иргэд хотын даргаас ч, УИХ-ын эрхэм гишүүдээс ч шударга ёсыг нэхэж ам асууна. Та нар эхлээд ард түмэндээ үлгэрлээд өөрсдийн хууль бус газраа цуцла, шийдвэрээ хэрэгжүүл, тэгж чадахгүй бол бид ч гэсэн чадахгүй гэдэг гаргалгааг гаргах бололтой.
Ингэснээр Э.Бат-Үүл баатар өөрийн хүүгийн “Оргил” рашаан сувилалын ундарга, Туул голын ай савд баригдаж буй хороололыг нураан, намын журмын нөхөдийн ˝Дүнжингарав˝ захын газрын зөвшөөрлийг цуцалснаа хэрэгжүүлж ард түмэнд үлгэр дууриал үзүүлэх эсвэл цуцалсан ихэнх газар, дүүргийн дарга нарын олгосон зөвшөөрлийг сэргээх гэсэн хоёр сорилттой тулгарах нь тодорхой боллоо. Одоогоор хотын даргад тулгах хоёр хэцүү шаардлагыг хэн санаачилсан нь тодорхойгүй байна. Гэвч газраа цуцлуулсан иргэд нэг нэгээрээ асууж сураглан нэгдэж эгнээгээ өргөжүүлж, тактикаа боловсруулсаар байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Удахгүй тэд Э.Бат-Үүлийн ˝Эрдэнийн төгөл˝ хотхон, Х.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ нарын ˝Дүнжингарав˝ зах хоёрыг адилхан нураа эсвэл биднийхийг сэргээ гэсээр гарч ирэх гэнэ.Д.Идэр
























































Сэтгэгдэл (61)