Цагаан сарын баяр дөхөж иргэд бүсээ чангалдаг цаг ирлээ. Жилийн жилд яригддаг махны үнэ ч Цагаан сар болоход даруй сарын хугацаа дутуу байхад “хааз”-аа нэмжээ. “Нарантуул”, “Дэнжийн 1000”-ын зах, “Бөмбөгөр” худалдааны төвд гэхэд баярын бэлтгэлээ базаах гэсэн хүмүүсийн нүд орой дээр гарахаар махны үнэ нь тэнгэрт хадаж эхлээд байна. Муу л юм бол нөгөө хойд талын хар овоохой гэдэг шиг шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн нь махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдэх шалтгаан болсон гэх. Сарын өмнө нь хонины ястай мах 6100 төгрөг байсан бол өнөөдөр 7000 төгрөг, хонины цул мах нь 8000 төгрөгөөр зарагдаж байна. Мөн ямааны ястай мах 4500 байсан бол 5500, цул нь 6500 болсон. “Бөмбөгөр” худалдааны төвд хамгийн үнэтэй зарагдаж байгаа нь үхрийн цул мах. Шинэ он гарахаас өмнө 8200 төгрөг байсан бол одоо кг нь 9000 төгрөг болж тэнгэрт хаджээ. Өмнө нь нэг кг мах 10 мянган төгрөг хүрч байсан түүх манайд бий. Тухайн үед нөөцийн мах худалдаанд гаргаж үнийн хөөрөгдлийг намжааж байлаа. Тэр бол хавар цаг. Харин нөөцийн мах худалдаанд гарч эхлээгүй байгаа энэ үед махны үнэ ингэтлээ нэмэгдэж байгаа нь иргэдэд дарамт болж байна. Цагаан сарын буузныхаа махыг авах гэсэн иргэд баяр дөхөхөөр буурч юуны магад гэсэн хүлээлттэй байгаа юм. Харин махны ченж, малчид баяр дөхөхөөр ашгаа бодох биз.
Гэтэл дайран дээр давс гэгчээр баярын буузны махаа яая даа гэж байтал монгол баярын нэг гол хэсэг болсон хонины ууц нь сая төгрөгийн гуравны нэгт хүрчихсэн байна. “Дэнжийн 1000” худалдааны төвд хонины ууц 240 000-аас 380 000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа юм. Өнгөрсөн жил хонины дундаж ууцыг 150 000-180 000 төгрөгөөр худалдаж авч байсан бол өнөөдөр 280 000-300 000 төгрөг төлөх хэрэгтэй болжээ. Махны үнэ ингэж “хаазалж” байгаа шалтгааныг ченжүүдээс асуухад цаанаас авч байгаа үнэ нь нэмэгдсэн гэх. Уг нь бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд махны үнэ ч бас 100 төгрөгөөр л нэмэгдмээр юм. Гэтэл малчид баярын “сезон”-оор далимдуулж ингэж хөөрөгдөж байгаа бололтой. Уг нь саяхан Засгийн газраас малчдад хөнгөлөлттэй зээл олгохын тулд 140,4 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Мөн энэ оны нэгдүгээр сарын нэгнээс үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөгийн, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон. Дараа жилээс эхлэн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд олгох 2000 төгрөгийн мөнгөн урамшууллыг хоршооны гишүүн малчид үргэлжлүүлэн авахаар болсон. Засгийн газраас дэмжиж туслаад, зарим хүнээс ч илүү мал сүргийг нь үнэлээд байхад малчдын махны үнэ өссөөр.
УИХ-ын гишүүд Хятадаас авчирдаг хямд, хэрэггүй барааг "үзэн ядаж" Цагаан сарын баярыг ургийн баяр болгон тэмдэглэхийг уриалсан. Цагаан сараар айлууд бэл бэнчиндээ тааруулаад бэлгээ өгдөг бол буузны мах, ууцыг ахмад настантай айл болгон авна. Аахар шаахар бэлэгнээс илүү айл өрхийг дарамтанд оруулж байгаа нь "хааз"-аа нэмж буй махны үнэ, тэнгэрт хадсан хонины ууц л болоод байна.
Т.Гэрэл





















































Сэтгэгдэл (16)