Өчигдөр Хүний эрхийн хорооны гишүүд, УИХ-ын зарим гишүүдтэй хамтран хорих ангиар орж, хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг судалж, арга хэмжээ авч ажиллахаар үйл ажиллагаатай нь танилцсан юм. Энэхүү ажиллагаанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Болд, Д.Ганбат, Ж.Батзандан нар оролцов. Хөтөлбөрт эмэгтэйчүүдийн хорих, хүүхдийн хорих, 401, 461 дүгээр ангиар орно хэмээн тусгагдсан. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Баасанхүү нар хөтөлбөрт тусгагдсан хорих ангиудаар орж, үйл ажиллагаатай нь бүрэн танилцсан бол З.Баянсэлэнгэ, У.Батзандан нарын зорилго арай өөр байсан бололтой. Эхлээд эмэгтэйчүүдийн хорих, хүүхдийн хорихоор орсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ явж байсан. Харин 401 буюу МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэж байгаа эмнэлгээр орсны дараа эрхэм гишүүн цагдан хорих 461 дүгээр ангиар орсонгүй. Эрхэм гишүүний эл үйлдэл түүнийг зөвхөн Н.Энхбаяр даргатайгаа уулзахаар ирсэн гэдгийг харуулаад авав. Учир нь гишүүд сэтгүүлчдийг хүүхдийн хорихын зааланд үлдээгээд хоёр цаг гаруй алга болсон. Харин гарч ирснийх нь дараа сэтгүүлчид уурлахад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “УИХ-ын гишүүний бүрэн эрх нь байна. Хаана хэнтэй уулзах нь бидний дур” хэмээн бодлогогүй үг чулуудаж, өөрийгөө хэн болохыг харуулаад авлаа.
Юутай ч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн гол зорилго намынхан даргатай уулзах байв. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн гол зорилго хэн байв.
Тэрээр эмэгтэйчүүдийн хорих, хүүхдийн хорих, 401 дүгээр ангийн алинд нь ч ороонгүй. Харин цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцах үеэр ирсэн харагдав. Тэгэхдээ сэтгүүлчидтэй ч хоригдож буй иргэдтэй ч нэг их тулж ажилласангүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганбат нар сэжигтнүүдтэй уулзаж, эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа талаар санал бодлыг нь сонсож явах үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан замын дундаас алга болов. Харин бүх үйл ажиллагаа дууссаны дараа тэрээр сургалтын танхимд орж ирсэн юм. Энэ хугацаанд тэрээр тус хорих ангид хоригдож буй АМГ-ын дарга Д.Батхуягтай уулзжээ. Д.Батхуяг нь тус ангийн дөрвөн давхарт хоригдож буй. Тус давхраар сэтгүүлчид гарая гэсэн боловч дөрвөн давхрыг хариуцагч шүүх хуралтай байгаа хэмээн оруулаагүй юм.
Тэдний юу ярьсан нь тодорхойгүй ч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан нар хорих ангийн үйл ажиллагаатай танилцах нэрийдлээр Н.Энхбаяр, Д.Батхуягтай уулзах зорилгоо биелүүлээд авлаа.
24tsag.mn





















































Сэтгэгдэл (5)