“Нүүдэлчдийн аялгуу” ардын урлагийн тоглолт болно
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын шинэ оны анхны тоглолтоо “НҮҮДЭЛЧДИЙН АЯЛГУУ” тоглолтоороо эхлүүлж байна. Тус тоглолтыг сургуулийн сурагчдын амралтанд зориулан тоглож байгаа аж. 12-ноос эхлэн тоглох энэхүү концертоо нийтдээ дөрвөн удаа тоглох юм. Монголын үндэстэн, ястнуудын мартагнаж буй дууг дуулахаараа онцлог юм байна. Тухайлбал үзэмчин ардын “Бүүвэйн дуу”, “Сэмжин үүл”, Хотгойдын “Сүгсээ хүүхэн”, ордос нутгийнхны “Хун галуу”, боржигон ардын уртын дуу “Хээрхэн халтар” зэрэг үндэсний ёс заншил, онцлогийг илэрхийлэх хуучны дуунууд эгшиглэх гэнэ. Мөн “Төмөр хуурын цуурай” хөгжмийн зохиомж, морин хуурын гоцлол, найрал хөгжимчидтэй “Их нүүдэл” тоглолтыг үзүүлнэ. Концертын бас нэг онцлог нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн цуур, ширэн цартай хуур, нуман хуур, чулуун царгил, суухан хуур зэрэг хөгжмийн гайхамшигийг мэдрүүлэх аж.




















































