ОХУ дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг өчигдөр түүний Польш дахь өмгөөлөгчийн хүсэлтээр батлан даалтад гаргалаа. Түүнийг Польшид амралтаараа явж байхад нь хилээр янжуур тамхи зөөсөн хэмээн өнгөрсөн долоо хоногт саатуулж, улмаар Польшийн Прокурорын газрын шийдвэрээр баривчилсан юм. Польшийн тал манай улсын ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн албан бичигтээ "Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн 1 болон 258 дугаар зүйлийн 1-ийн 1, 2-т заасныг үндэслэн Люблин дэх Баруун Люблин дүүргийн шүүх Авирмэдийн Батсайханыг гурван сарын хугацаагаар түр саатуулан хорих арга хэмжээ авав" гэсэн байна. Түүнийг баривчилсан шалтгаанаа Польшийн тал тайлбарлахдаа "А.Батсайханыг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж байна" гэжээ. Энэ дагуу манай улсын Элчин сайдын яамнаас Польшийн Хилийн цэргийн алба, Люблин дэх Прокурорын газартай уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтаар А.Батсайханы польш өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүнийг батлан даалтад гаргасан юм.





















































